Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газар, Монголбанк хамтран хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан мэргэшүүлэх цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ. Энэхүү санаачилгын эхлэл болгож өнөөдөр (2022.02.17) Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанктай хамтран сэтгүүлчдэд зориулсан макро эдийн засгийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар болон албаны бусад хүмүүс оролцон, макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс танилцуулж, хөгжлийн бодлогын талаар ярилцав.



Өнөөдөр манай улсын эдийн засгийн нийт орлогын 92 орчим хувийг зөвхөн уул уурхайн салбар бүрдүүлж, нийт импортын 83 хувь нь ганцхан улсаас хараат байгаа нь бие даасан, тусгаар тогтносон улсын хувьд том эрсдэлийг дагуулж байна. Энэ нь манай эдийн засаг анхан шатны, боловсруулаагүй түүхий эдээс хэт хамааралтайгаа шалтгаалж байна. Энэ хамааралтай байдал нь эдийн засгийн өсөлтийг тогтворгүй болгож, ядуурал буурахгүй байх, уул уурхайн бус үйлдвэрлэл, бизнес хөгжихгүй байх үндсэн шалтгаан болж байна.

Иймд уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас татгалзаж, Япон лугаа үйлдвэржсэн, хараат бус, тогтвортой эдийн засаг бүхий улс болон хөгжих загварыг бүтээх шаардлагатай. Үүсээд буй нөхцөл байдлыг өөрчлөх гарц бол экспортыг нэмэгдүүлэх үндэсний үйлдвэрлэл, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх юм. Ингэж байж үндэсний хуримтлал бүрдэн, макро эдийн засаг тогтворжино.

Үүнийг хэрэгжүүлэхэд засаглалыг бэхжүүлэх тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүнд эрх зүйн шинэтгэл, иргэдийн оролцоотой, хяналттай бодлогыг хэрэгжүүлэх асуудлууд чухал. Нийгмийн соён гэгээрүүлэх, олон нийтэд үнэн, бодит мэдээллийг шуурхай хүргэхэд сэтгүүлчдийг оролцоо юунаас илүү ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын макро эдийн засгийн шинжилгээ” сэдвээр тавьсан илтгэлдээ онцлон тэмдэглэв.



Мөн сургалтаар Монголбанкны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түмэнцэнгэл “Эдийн засгийн суурь ойлголт”, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Мөнгөний бодлогын шилжих механизм, валютын ханшид нөлөөлөгч хүчин зүйлс”, Монголбанкны ОНСБТ-ийн эдийн засагч Д.Баттуул “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт” сэдвээр тус тус илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.



Хэвлэл мэдээллийн ажилтнууд УИХ, Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний хэрэгжилт болон аж үйлдвэрийн салбарын хөгжил, эдийн засгийн төлөв байдлын талаар асууж тодруулан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.






Ташрамд тэмдэглэхэд, Улсын Их Хурлын Тамгын газраас сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд чиглэсэн дараагийн сургалтыг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл