Үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийн гаалийн татварыг “0” болгох тогтоолын төслийг өргөн барив

  2020-04-07 15:12  348

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгох, үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногооны үрийн үндэсний код батлахыг Засгийн газарт даалгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагаас хийсэн тариалангийн талбайн хөрсний төлөв байдлын шинжилгээгээр тариалангийн нийт талбайн 60 гаруй хувийн үржил шимийн агууламж нь дундаас бага хэмжээнд хүрч, элэгдэлд орсон. Жил бүрийн ургацын хэмжээ, чанар буурч, хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гар аргаар гүйцэтгэдэг байна.


Хүнсний ногооны гол нэр төрлийн ногооны үрээс шар лууван, шар манжин, хүрэн манжингийн үрийн ихэнх хувийг, байцааны үрийн 40, сонгины үрийн 5, сармисны үрийн 30, ил талбайн хэмх, лоолийн 40 хувийг манай улс дотооддоо үйлдвэрлэдэг. Хүнсний ногооны үрийн хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа ч бусад улсаас чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлага үүссэн байна. Улсын хэмжээнд улаанбуудайн үр жилд 3000 тоннын хэрэгцээтэй байдаг ч дотоодын үйлдвэрлэлээр 300 тонн буюу 10 орчим хувийг хангаж, 90 хувийг импортоор авдаг. Тэжээлийн ургамлын үрийг манай улс үйлдвэрлэдэггүй.

Эдгээр шалтгаан нөхцөлөөс үүдэн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хөрсийг бордох, нөхөн сэргээх, талбайн хог ургамал, хортон шавжтай технологийн дагуу тэмцэх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлтэй холбоотой дотоодын зах зээлийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.  


  2020-04-07 14:08  348