“Завхан аймгийн хөгжил” уулзалт, зөвлөгөөн боллоо

  2018-03-30 18:17  259

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нарын санаачилгаар “Завхан аймгийн хөгжил” төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа уулзалт, зөвлөгөөн өнөөдөр (2018.03.30) Төрийн ордонд боллоо.

Зөвлөгөөний эхэнд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлсэн үгэндээ 72,1 мянган хүн ам, 3.6 сая малтай тус аймаг Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1,2 хувийг үйлдвэрлэдэг болохыг онцлоод хүний хөгжлийн “Таван сайн хөтөлбөр”, түүний дотор үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Сайн бизнесмен” хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаагаа танилцууллаа.


Завхан аймаг малын гоц халдварт өвчингүй гурван аймгийн нэг бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн арвин нөөц, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, хатуу хучилттай автозамын сүлжээний сайжралт болон ОХУ-тай хил залгаа оршдог байршил зэргээ давуу тал гэж үзэж байна.

Зөвлөгөөнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүд болон эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид оролцож, Завхан аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс шир боловсруулах, мах бэлтгэх үйлдвэр байгуулах боломж, шийдлүүдийн талаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.     


  2018-03-30 18:17  259