Цэс

Холбоо барих

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолыг баталлаа

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэв

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.24) нэгдсэн хуралдаан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан.


    Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо боловсруулан хуралдаанаараа хэлэлцсэн байна.

    Байнгын хороо эдгээр хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    М.Оюунчимэг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 71 гишүүний 43 нь 60.6 хувийн саналаар дэмжсэн. Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

    Нэгдсэн хуралдаанаар дараа нь Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.


    Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдуүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн юм. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулт асууж, Соёлын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Үзэл суртлын шүүлтүүрээр бүтээгдсэн ном, кино, бүтээлийг хэрхэх, биет бус соёлын өв тээгчдийн талаар салбарын яамны зүгээс баримтлах бодлого, арга хэмжээний талаар тодруулж, буддын шашны өвийг зөвхөн соёл гэдэг агуулгаар хандаж ирснийг шүүмжиллээ. Төсөлд соёлыг судлах, соёлын боловсрол олгох, үндэсний түүх, өв соёл, зан заншил, уламжлалаа хадгалах, хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх дэлгэрэнгүй зохицуулалтыг тусгасан гэдэг хариултыг Ч.Номин сайд өгөв. Соёлын харилцааг нарийвчлан, хуульчлах боломжгүй, гэхдээ гадны соёлын нөлөөллөөс хамгаалах зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэлээ. Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр тухайлсан эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэл өгсөн.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.


    Үргэлжлүүлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Г.Мөнхцэцэг гишүүн харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тодруулга хийв. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Харин энэхүү тогтоолын төслийн хүрээнд соёлын өвтэй холбоотой, соёлын байгууллагуудад хандив, тусламж өгөх, тодорхой үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, хөнгөлөхтэй холбоотой хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх чиглэлийг Ерөнхий сайдад өгч байгаа. Энэ ажлын гүйцэтгэлийн цагалбарыг анхаарах, мөн ирэх оны улсын төсвийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх төлөвлөгөөгөө боловсруулсан байх шаардлагатайг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллаарай хэмээсэн. Эс бөгөөс Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалт хэрэгжих боломжгүй болно гэдгийг онцгойлон анхааруулав.

    Дараа нь Байнгын хорооны дэмжсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 70.1 хувь нь дэмжсэн юм. Иймд төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн 73.1 хувь нь дэмжснээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нэгдсэн хуралдаанд танилцууллаа.


    Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Ж.Мөнхбат, Н.Учрал нар ажиллажээ.

    Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, уран бүтээл, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн тус салбарыг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинэ бүлэг нэмсэн байна. Түүнчлэн Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн зөвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгажээ. Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан гэв.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, хариулт авав. Кино урлагийн зөвлөлийн талаар тодруулсан гишүүний асуултад Ч.Номин сайд хариулт өглөө. Төслийн 9 дүгээр зүйлд тус зөвлөлийн бүтэц, бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүргийг Кино урлагийн зөвлөл хэрэгжүүлэх юм байна. Зөвлөл нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл 4, кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчийн төлөөлөл бүхий 7 гишүүнтэй байх аж. Мэргэжлийн төрийн бус байгууллага нь кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг энэ хуулийн 6.1.4-т заасан журмын дагуу дээрх зөвлөлд нэр дэвшүүлэх юм байна. Монгол соёлыг олон улсад түгээхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгасан, гэхдээ “Кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсөл шалгаруулах шалгуур үзүүлэлт” гэсэн 10 дугаар зүйлийн 10.1-т “Монгол болон хамтарсан кино төслийг жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн байгаа нь зөвхөн монгол хэлээр туурвисан байх шаардлага тавьсан нь хязгаарлагдмал зохицуулалт болох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Төсөл дэх Кино урлагийг дэмжих сан нь зөвхөн монгол уран бүтээлчдийг дэмжих зорилгоор эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох, эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулна гэдгийг Ч.Номин сайд тайлбарлалаа.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 30 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг нар 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар төслийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний ном бичиг, соёлын өдрүүд” гэснийг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


    Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. 

    Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийн 1 дүгээр хавсралтад заасан медалийн болон медалийн байгуулалтын лого зургийн зарим хэмжээг өөрчлөх талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулсан. Дараа нь тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжлүүлэв.

"Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Чинзориг гишүүн танилцууллаа.


    Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Бямбацогт, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Сэргэлэн, Т.Энхтүвшин нар тус ажлын хэсэгтэй хамтран ажилласан болохыг санал, дүгнэлтэд дурдсан. Ажлын хэсэг тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, төслийн хавсралтад тусгасан 263 төсөл, арга хэмжээг хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжих боломж зэргийг нарийвчлан томьёолох чиглэлээр нийт 159 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулж, Байнгын хороогоор хэлэлцүүлжээ.

    Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …, Засгийн газрын … үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;” гэж, 6.10.2-т заасан “санхүүжилтийн баталгаат эх үүсвэртэй, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан тухайн жилд хэрэгжих төсөл, арга хэмжээний задаргаа байх” гэж тус тус заасан байдаг бөгөөд хэлэлцэж буй төслийг эдгээр зохицуулалттай нийцүүлсэн байна.

    Төслийн хавсралтад эшлэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох зорилтууд болон “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний холбогдох заалтуудыг төслөөс хасч, “Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох зорилтуудыг эшлэх өөрчлөлтийг хийсэн байна. Төслийн хавсралтын “Зорилт, арга хэмжээ” гэсэн 3 дугаар баганыг хуульд нийцүүлэн “Төсөл, арга хэмжээ” гэж өөрчилж, түүний хүрээнд дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичигт заасан тэр хэвээр тавьсныг тухайн зорилтод хүрэхийн тулд 2022 онд хэрэгжүүлэх тодорхой төсөл, арга хэмжээ болгон өөрчилжээ.


    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Нямбаатар, Б.Баярсайхан, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Ийнхүү 18.00 цаг болсон тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл