Цэс

Холбоо барих

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тогтоолуудыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг хаалттай горимоор сонсов.


Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар дүгнэлтийг сонсов. Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат танилцуулсан юм.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч болохоор заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх … хөрөнгө эзэмших, өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй юм.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа

Үргэлжлүүлээд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.


Төслийн нэг дэх заалтад өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тухай УИХ-ын тогтоолыг батлав

Дараа нь “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсгийн “17”-д Мал эмнэлгийн ерөнхий газар байхаар төсөлд тусгасныг “18”-д болгон найруулгын засвар хийж, тогтоолыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ.

Тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан юм.


Хэлэлцүүлгийн үеэр Мал эмнэлгийн ерөнхий газарт Мал эмнэлгийн хүрээлэнг харьяалуулан аж ахуйн ажилд татан оролцуулдаг болгох вий хэмээн болгоомжилж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийлсэн. Энэ байгууллага эрдэм шинжилгээний байгууллага учир Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяанд байх нь зүйтэй хэмээсэн. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд эрдэм шинжилгээний байгууллага салбарын яамны дэргэд байхаар хуульчилсан хэмээн хариулсан юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ 2016 онд баталсан. Уг хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжжэнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан байна.


Ийм Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн иргэн байдаг, тэдгээр иргэдийн хэдэн хувь нь төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй байгааг тодруулж байлаа. Мөн шинээр байгуулах агентлаг байгуулснаар ямар дэвшил гарах, ямар бүтэц орон тоотой ажиллах талаар лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлснээр 2017 оны байдлаар 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд тэдгээр иргэдийн 48 хувь нь төрөлхийн, 52 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй аж.


Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах, тэдний эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжил олгох, хиймэл эрхтэн үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд тус төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Нэмэлт орон тоо шаардахгүйгээр тус агентлаг ажиллах бөгөөд олон улсын конвенци, хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм байна.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл