Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

  2018-04-05 14:46  361

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Швейцарын парламентын бүлгийн ахлагч Ц.Гарамжав нар Швейцарын холбооны улсын гадаад хэргийн сайд Игнацио Кассис тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2018.04.05) хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд ноён, гадаад хэргийн сайд И.Кассис “Манай хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаа хагас зуунаас давсан түүхтэй болжээ” гээд, сүүлийн жилүүдэд Швейцарын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд сайн засаглал, мэргэжлийн сургалт, хөгжлийн туслалцаа, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй гэсэн гурван чиглэлд хэрэгжиж байгааг дурдав.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Швейцарын парламентын Үндэсний Зөвлөлийн даргаас УИХ-ын дарга болон УИХ дахь Монгол, Швейцарын бүлгийн гишүүдийг энэ онд Швейцар Улсад айлчилж, Швейцарын парламентын үйл ажиллагаатай танилцахыг урьсанд талархал илэрхийлээд, Монгол Улс Швейцарын Холбооны Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг боломжит бүхий л салбарт бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсад ногоон хөгжлийг бий болгоход дэмжиж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Бэлчээрийн тухай хуулийг боловсруулахад олон жилийн судалгаагаараа туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.


Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар оролцсон бөгөөд цаашид татварын ил тод байдал, татварын эрх зүйн орчныг сайжруулах, авлигатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, санал бодлоо солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




  2018-04-05 14:40  361