Цэс

Холбоо барих

"Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн санаачлагаар өчигдөр /2022.05.16/ "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Монгол Улсад бүртгэлтэй 20 гаруй улс төрийн намын удирдлага, төлөөллүүд оролцлоо.

 

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ Парламент нь олон намын төлөөлөлтэй, тэнцвэртэй, ардчилалтай байхын тулд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ёстой гэж үзэж байна. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Иймд энэ тогтолцоог өөрчлөхийн тулд улс төрийн намуудыг идэвхтэй ажиллахыг уриалж байна гэв.

 

Намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж, санал нэгдэж байлаа. Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритар тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаагаа оролцогчид дурдлаа

 

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд “Бүх улс төрийн намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр нэг байр суурьтай байна. Олон жил ярилаа. Одоо үйлдэл хийх хэрэгтэй. Хөдөлмөрийн үндсэн намын зүгээс Сонгуулийн тогтолцоо болон холбогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Улсын Их Хурлын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авснаа холбогдох Байнгын хорооноос хүлээн авснаа мэдэгдээд байна. Энэ долоо хоногоос эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хуулийн дагуу эхлүүлнэ. Гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Энэ бол Монголчууд өмнөх 30 жилийн амьдрал, стресс бухимдалтай нийгмээ үр хүүхдэдээ үлдээх үү эсвэл ирэх 30 жилдээ эрүүл нийгмийг үлдээх үү гэдэг сонголт дээр тулж ирээд байна. Үүнийг шийдэх цаг хугацаа нь яг одоо” хэмээв.

Улсын Их Хурлын дэд дарга  С.Одонтуяа “Өнөөдөр манай улсад тулгамдаад буй улс төр, нийгмийн асуудлууд бүгд сонгуулийн тогтолцоотой холбоотой. Монгол Улс олон улсын нөхцөл байдалтай уялдуулж ардчилалтай, хүчтэй парламенттай болох ёстой. Улс төрийн нам нь төрийнхөө дээр гарчихсан, төртэйгөө холилдсон байдлыг өөрчлөх шаардлагатай. Иймээс өнөөдөр улс төрийн намууд дуу нэгтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.


Улсын Их Хурлын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Сүүлийн үед Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирж байгаа саналыг нэгтгээд үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй саналууд байна. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа санаачлаад өнөөдөр "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлэг хийж байна. Үндсэн хуульд шууд нэмэлт өөрчлөлт хийх боломжгүй ч эдгээр хүмүүс санал гаргах эрхтэй.  Өнөөдрийн Монгол Улсад байгаа Үндсэн хууль нь улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг бүрэн утгаар нь зохицуулж чадахгүй байгаа гэдгийг хэлсээр ирсэн. Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж бусад улс төрийн намуудтай хамтран хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд боломжтой. Учир нь 2019 оны Үндсэн хуульд Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэж заасан. Энэ хугацаа 2023 оны тавдугаар сарын үед болно. Тэр хүртэл бүтэн нэг жилийн хугацаа байна. Хууль зөрчихгүйгээр хуулийн дагуу энэ асуудлыг хэлэлцэх боломжтой” гэлээ.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд асан С.Ламбаа, А.Бакей, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Д.Ганхуяг, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ болон Ардчилсан нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, Бүгд Найрамдах нам, Монголын Социал Демократ нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн Хөтөлбөр нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монголын Консерватив нам, Монгол Хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Ард түмний олонхын засаглал нам, Зүй Ёс нам, Зон олны нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний нам, Дэлхийн Монголчуудын нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, Эх Орончдын нэгдсэн намын төлөөллүүд оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл