НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчид хоёр байнгын хорооны даргатай уулзав

  2018-05-30 21:34  181
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2018.05.30) УИХ-ын Төсвийн байнгын хорооны болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга нартай уулзав. 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес, Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара нарын зэрэг албаны хүмүүс багтсан байлаа.



Эхлээд УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнтэй уулзсан юм. 

Хатагтай Биата Транкман НҮБ болон Азийн хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсад ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд бодлогын зөвлөгөө өгөх чиглэлээр ажилласан тухайгаа танилцуулаад ажлын хэсгээс гаргасан урьдчилсан дүгнэлтээр гурван гол зөвлөмжийг санал болгож байна гэлээ. Тухайлбал, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явцын уялдаа холбоог хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийн явц, улсын төсвөөс санхүүжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийдэг тогтолцоог Засгийн газрын хэрэг эрхлэх газрын түвшинд бий болгох шаардлагатай байна гэв. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигтээ нийцүүлэн бодлого боловсруулж, төсвийн зарлагыг тооцдог байхыг санууллаа. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд өсөж байгааг гадаад, дотоодгүй анхааралтай ажиглаж байна. Гэхдээ хөтөлбөрийн хэрэгжилт дуусахад бид хуучин янзаараа төсвийн сахилга батгүй байвал нөхцөл байдал сайжрахгүй. Тиймээс улстөрчид шийдвэр гаргахдаа бодит байдлаа тооцох, ирээдүйг хэт өөдрөгөөр төсөөлж, олон нийтэд зохиомол хүлээлт үүсгэхгүй байхыг дэлгэрэнгүй зөвлөмждөө тусгахыг хүсэв. 



Дараа нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа нартай уулзав.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг эдийн засгийн хумигдмал байдалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн тодорхой салбаруудад бууралт мэдрэгдэж, тухайлбал эрүүл мэндийн салбарт эх нялхсын эндэгдэл буураагүйн зэрэгцээ халдварт өвчний гаралт нэмэгдэж, халамж шаардлагатай зорилтот бүлгийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа ч Монгол Улсын төр, засаг иргэдэд халамжийн чиглэлээр шууд бэлэн мөнгө олгохоос илүүтэй иргэдээ ажил орлоготой болоход анхаарч, ажлын байр, орлоготой иргэдийн тоог өсгөх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, инфляцийг тодорхой түвшинд барих чиглэлийг барин ажиллаж байна гэлээ. 

Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара хэлсэн үгэндээ танай улсад тодорхой хуулиуд гарч байгаа боловч тэдгээр хуулийн хэрэгжилтэд шаардагдах төсвийг суулгаж өгөхгүй байгаа нь зорилго, зорилтдоо нэгмөр хүрэхэд хангалтгүй байгааг онцлов. 

УИХ-ын гишүүн А.Ундраа төсвийн төлөвлөлтийг богино болон дунд хугацаанд төлөвлөхөөс гадна урт хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулахын тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичиг, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа холбоог хангах чиглэлд анхааран ажиллаж байна гэв.



Уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Тогтвортой хөгжлийн форум” арга хэмжээг хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан зохион байгуулах боломжтой бөгөөд байнгын хорооны зүгээс бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2018-05-30 21:31  181