Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо

  2016-07-10 01:00  484

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2016.07.10/ 11.00 цагт Эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны Хүндэт зочдын индэрт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүд, Дипломат төлөөлөгчийн газрын удирдлагууд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд, ахмад дайчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл байраа эзэлсэн байв.

Уг цэргийн ёслолын жагсаалд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын болон Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, энхийг сахиулагчид, эмэгтэй цэргийн алба хаагчид, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид зэрэг байгууллагуудын бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурлын гишүүд Жанжин Д.Сүхбаатар, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 23:35  484