Цэс

Холбоо барих

ЭЗБХ: “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.16) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Эхлээд “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


    Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”, 4.5-д заасан “Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.” гэсэн зорилтын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.5.14-т “Чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулна” гэж тусгасан байдаг. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.17-д “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана” гэж заасан байдаг.

    Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг төсөв, санхүүгийн цогц бодлогоор дэмжлэг үзүүлэн төвлөрлийг сааруулахаар тусгасан юм.

    Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь хүн амын төвлөрөл нэг газраа хэтэрснийг харуулж байгаа гэдгийг Б.Жавхлан сайд дурдав. Жилд дунджаар нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд нийслэл хотноо шинээр шилжин, суурьшиж, жил бүр 70-80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгддэг гэх тоо баримт байдаг. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амын төвлөрлийн гол шалтгаан болж байгаа гэдэг судалгааны дүнг мөн дурдав.

    Уул уурхайн экспортоос хэт хамааралтай байгаа Монгол Улсын “хүрэн” эдийн засгаа солонгоруулж, аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг төслийн танилцуулгад тэмдэглэжээ.

    Иймд аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай байгаа олон улсын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг бий болгохыг зорьж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү, бизнесийн үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн байна.


    Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд томоохон хувь нэмэр болно хэмээн төслийн танилцуулгын үеэр Сангийн сайд хэллээ.

    Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангасан, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан  ухаалаг, эко суурьшлын бүсийг байгуулах нөхцөл бүрдэх аж.

    Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150.0 мянган иргэн, 50.0 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын замын түгжрэл 15 орчим хувь, 1мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурах тооцоолол гарсныг төслийн танилцуулгад дурдав.


    Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ш.Адьшаа нар төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч Замын-Үүд, Алтанбулаг гэх зэрэг чөлөөт бүс байгуулах өмнөх шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, эдийн засгийг үр өгөөжөө өгч чадахгүй байгааг дурдав. Шинээр байгуулах Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүсийг хэр хугацаанд, хэр хэмжээний зардлаар бүтээн байгуулах талаар тэрбээр тодруулсан юм.

    Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үйл ажиллагааг бодит ажил хэрэг болгох чиглэлд Засгийн газар онцгой анхаарал хандуулан, Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, дээрх асуудлыг яамны хэмжээнд ач холбогдол өгч төрийн бодлогод оруулж ирэх нь оновчтой гэдэг бодлогын шийдвэр гаргаад ажилдаа орж буйг Сангийн сайд хэллээ. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс нь Монгол Улсын агаарын боомтыг түшиглэн, Улаанбаатарын дагуул хот болгохоор төлөвлөснөөрөө онцлогтой гэв. Эдийн засгийн хөгжлийн яам болон Барилга, хот байгуулалтын яам хамтарч газрын асуудлыг шийдвэрлээд байгааг энэ үеэр дуулгасан. Чөлөөт бүсийн хатуу болон газар доорх дэд бүтцийг төрөөс зайлшгүй шийдвэрлэх асуудлууд бий бөгөөд Засгийн газар төлөвлөлт хийж, 2022 оны улсын төсөвт 5 тэрбум төгрөг тусгасан гэлээ. Энэ хүрээнд зураг төсөв, төлөвлөлт, ТЭЗҮ зэргийг шийдвэрлэсний дараа 2023 оноос төсвийн хөрөнгө оруулалтаар хийж болох, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийнэ гэлээ. Бусад бүтээн байгуулалтад  төсвийн хөрөнгө оруулалт бага, гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл болон концессоор шийдэх юм байна.


    Өмнөх чөлөөт бүсүүдийн хувьд үйлчлүүлэгч багатай, төвлөрөл үүсэх боломж хомс байршил нь сул тал болж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл багатай, замын дэд бүтцийн зангилаа уулзварууд нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас бизнесийн үйл ажиллагааны төвлөрөл үүсэх боломж хомс байсан гэдэг дүгнэлтийг судалгааны дүнд гаргасан гэдэг хариултыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол өгсөн юм.

    Одоогоор Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа бөгөөд өнөөдөр Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж буй нь ердөө 1000 га газар дээрх бүтээн байгуулалтын асуудал бөгөөд нисэх буудлыг дагасан аялал жуулчлалын бүс, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, мэдээлэл технологи дээр суурилсан, санхүү, бизнес төвүүдийг байгуулснаар амжилттай ажиллах боломжтой хэмээн үзэж байгаа гэв. Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, төлбөр, таавар, бооцоот тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Халамжаас-хөдөлмөрт шилжих” бодлогод нийцүүлэн залуучууд очиж ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, ажлын байрыг олноор бий болгох хөгжлийн концепц болно хэмээн төлөвлөөд байгааг мөн тэрбээр хариултдаа дурдсан. Бүтээн байгуулалтыг амжилттай болгохын тулд нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын механизмыг тодорхой болгох, тогтвортой байдлын гэрээ байгуулах замаар  аж ахуйн нэгжүүдээ дэмжих, санхүүгийн нөөц, бололцоод тулгуурлан, нээлттэй ил тод, дуудлага худалдааны зарчмаар газар олгох зарчмуудыг баримталж ажиллана гэв. Аялал жуулчлалын урсгалыг идэвхжүүлэх зорилгоор казино байгуулах, үүний тулд холбогдох хуулийн төслийг боловруулахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад жилд дунджаар 550 мянган жуулчин ирдэг ба салбараас олох орлого нь ДНБ-ий 3 хувьд  хүрэхтэй үгүйтэй, гэхдээ 16.600 ажлын байрыг бий болгодог байсан нь цар тахлын улмаас бүрэн зогсоод байгаа гэх тоо баримтыг мөн дурдсан.


    Үргэлжлүүлэн гишүүд 1000 га газар дээрх дэд бүтцийн зохион байгуулалтын төлөвлөлтийн талаар тодруулж, тэдгээртэй холбоотой байр суурь, саналаа илэрхийлж байв. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Батлут, Т.Доржханд, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар үг хэлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн байнгын хорооноос хэлэлцэх асуудлын цаглавар батлах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжснээр “Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.


    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүний 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдөж буй эсэх талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр дээрх хүсэлтийнхээ талаар танилцуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт /цаашид "эрх зүйн дүгнэлт" гэх/ гаргуулахаар шийдвэрлэсэн бол тухайн Байнгын хорооны дарга эрх зүйн дүгнэлт хийлгэх төсөл, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын талаар албан бичгээр Тамгын газарт хүргүүлнэ” хэмээн заасан байдаг аж. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүний 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдөж буй эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжсэн юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл