Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.05.30/ хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны үеэр гишүүд хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 06 дугаар сарын нэгний өдрөөр тогтоох зарчмын зөрүүтэй санал гаргасан аж. Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Н.Учрал тайлбарласны дараа дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав.


Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.52-т “Биеийн тамир, спортын эрх зүйн орчинг боловсронгуй болгож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх, өвлөн уламжлах бодлого, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэж заасан аж. УИХ-аас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оноос эхлэн мөрдөж байгаа.

Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.


Мөн УИХ-аас 2015 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-д “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна” гэж заасан байдаг.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заажээ.

Иймд УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж, төвлөрөлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байгааг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцолсон.


Иймд төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн “Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага” гэсэн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн “Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт” гэсэн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө хэмээн нэмж тусгажээ.

Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө гэсэн хэсэг мөн хуульд нэмэх аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл