Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө

  2018-06-29 09:12  516

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуулгын хариуг сонсов

    УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.29) үдээс хойших хуралдаанаар “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсов. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан асуулгын хариуг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан. Монгол Улс 1990 онд  Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон бөгөөд үүний дараа хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан талаар тэрбээр дурдав. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг тэмдэглээд өнөөгийн нөхцөл байдлын талаарх тоон мэдээллүүдийг танилцуулсан юм. Хүүхэд хамгааллын чиглэлээр холбогдох байгууллагуудаас хийсэн хэд хэдэн судалгааны талаар тэрбээр дуулгав. Гэмт хэргийн цагаан ном гаргасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн асуудлыг бүлэг болгон тусгаж, нөхцөл байдлыг дүгнэсэн байна. Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэргийн судалгааг 2013-2017 оны байдлаар хийжээ. 


    Засгийн газраас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгаалын тухай хуулийг дагаж гарсан 10 журам, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагаж гарсан 34 журмыг тус тус батлан хэрэгжүүлж байгаа аж. Хууль зүй, дотоод хэргийн салбар 2018 онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад мэргэжил, арга зүйн сургалт явуулсан байна. Мөн “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавх, уялдаа холбоог бэхжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, 10 аймгийн 500 гаруй хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагч, шүүгч, өмгөөлөгчдийг  хамруулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Хүүхэд гэр бүлийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэн, 32 төрийн албан хаагчид Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох ажлыг зохион байгуулсан байна. Боловсролын салбарт аюулгүй орчныг бүрдүүлэхтэй холбоотой журмуудыг батлан, мөрдүүлэх олон талт ажлуудыг зохион байгуулсан гэв. 

    Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуун, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргийн талаарх Эрүү болон Зөрчлийн тухай хууль дахь зохицуулалтын талаар тодорхой санал хэлсэн юм. Дээрх хуулийн талаар иргэд, олон нийтээс олон тооны санал, шүүмжлэл ирсэн бөгөөд үүнтэй холбогдуулан тодорхой ажлуудыг зохион байгуулж, эрх зүйн орчныг өөрчлөхөөр ажиллаж байгаа талаар Ц.Нямдорж сайд хэлсэн. Ж.Батзандан гишүүн хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалахаар төсвөөс хэр хэмжээний зардал гаргадгийг, энэ нь хүрэлцээтэй эсэхийг тодрууллаа. Хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, зардлыг тоо ёсоор нь төсөвт суулгах боломжгүй талаар, өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд 2570 орон тоо нэмүүлэх  хүсэлт ирүүлсэн байгааг танилцууллаа. Засгийн газар, ОУВС-ийн хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх зохицуулалттай гэдгийг Ц.Нямдорж сайд хэлсэн. Иймд одоо байгаа түвшиндээ ачааллаа зохицуулаад ажиллаж байгаа гэдгээ тайлбарлав.


    НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөмжөөр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, аюулгүй байдлын нөхцөл байдлыг бүрдүүлэх хууль эрх зүйн зохицуулалтуудыг хэрэгжүүлэхэд 14 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцооллыг 2014 онд хийж байсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдээллээ. Монгол Улсын 2018 оны төсөвт гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр 5 тэрбум төгрөг тусгасан бөгөөд одоогийн байдлаар 68 арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа. Нийт зарцуулалтынхаа 61 хувийг урьдчилан сэргийлэх чиглэлээр, 39 хувийг хамгааллын үйлчилгээнд зарцуулж байгаа, одоогоор анхан шатны нэгж дээр төсөв хөрөнгө дутсан асуудал үүсээгүй гэдгийг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байгаагийн суурь шалтгааны хоёр нь ажилгүйдэл, архидалт гэж үзэж байгаагаа хэлсэн. Мөн хүүхдүүд гэр бүлийн хүмүүжил, төлөвшилгүй, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын бага болон дунд шатанд энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулгад хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийн 513 нь ажилгүй, боловсролын хувьд бүрэн дундаас доош байгааг анхаарч, энэ чиглэлд бодлогын түвшинд өргөн далайцтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг хэлж байв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхдийн гэмт хэрэгт их өртөж буй газрууд болон тоглоомын талбайг камержуулалтын талаар тодруулав. Аймгууд, нийслэлийг камержуулах 30 сая ам.долларын шаардлагатай бөгөөд Засгийн газар төсөв санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллага 2010 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 удаагийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн 593 цэгт 1437 камер суурилуулснаа, өнөөгийн ашиглалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Одоо ашиглаж буй камеруудын 27.7 хувь нь гэр хороололд, 39.8 хувь нь орон сууцны хороололд, 32.5 хувь нь зам дагуу байгаа гэв. Асуулгын дагуух мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, хүүхдийн эсрэг хүнд гэмт хэрэг үйлдэгчдийг хатуугаар цээрлүүлэх, ялын бодлогыг чангатгах байр суурь илэрхийлсэн. Хүчирхийллийг хүчирхийллээр шийдэх хандлагын талаар түвшин түвшиндээ авч үзэх нь зүйтэй, үүний зэрэгцээ шат шатандаа сэрэмжилж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүчирхийлэл, аюул ослоос сэргийлэхэд хууль хяналтын байгууллага төдийгүй сургуулийн орчин, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал, цогц хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг салбарын яамны зүгээс хэлсэн.


    Уул уурхайн салбарын ажлын онцлог, гадаад улс орнуудад хөдөлмөр эрхэлж буйгаас үүдэн гэр бүл салах, үүнээс үүдэлтэй бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгааг М.Билэгт гишүүн хэлээд бөгөөд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлогын түвшинд асуудлын шинжилж, бага болон дунд шатны сургалтын хөтөлбөрт хувь хүний хувьд зөв хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр тодорхой өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн юм. Хамгаалах байранд ирж буй хүүхдүүдийн нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн эцэг, эх 35-аас доош насныхан байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх онцлон танилцуулсан. Насны мөчлөгөөс харахад 1990-ээд оноос хойш төрсөн, нийгмийн шилжилтээс үүдэн үл хайхрах хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүд өнөөдөр ээж, аав болсон бөгөөд үр дүн нь ийм байдлаар илэрч байгаад холбогдох байгууллагаас дүн шинжилгээ хийсэн байна. Энэ чиглэлээр зорилтот бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөр, сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байгаа аж. УИХ-ын гишүүн А.Ундраа, хууль эрх зүйн орчин боломжийн түвшинд хэдий ч хэрэгжилтийг эрчимжүүлж, чанаржуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарах нь зүйтэй гэв. Мөн тэрбээр хүүхдүүдийг ашиг олох бай болгосон PC тоглоомын газруудын талаар болон цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд салбарын яам, холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тодруулан, хариулт авсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хүүхдийн эрхийн зөрчил, эрүүл аюулгүй орчинд сурч, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой асуудлуудыг удаа дараа хэлэлцэж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох байгууллагууд албан бичиг, чиглэлийг хүргүүлсээр байгаа. Хүүхдийн төлөө байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч хөрөнгө санхүүжилтийн асуудал бий. Мөн төрийн бус байгууллагууд маш идэвхтэй ажилладаг тул тэдэнтэй хамтын ажиллагаатай байх нь чухал” гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нөхцөл байдал туйлын хүнд. Албан бус тоогоор 30 мянган хүн амтай, өдөрт 6000 хүн зорчдог, хилээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй. Өнгөрсөн хугацаанд гарсан эрүүгийн хүнд нөхцөл байдлуудтай холбогдуулан салбарын яамнаас техник, тоног төхөөрөмжийн тал дээр зохих хөрөнгө оруулалтуудыг хийсэн ч үүнтэй уялдаатай орон тооны асуудлыг шийдээгүйн улмаас хүндрэл учраад байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд уг асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэж өгнө үү” гэдэг хүсэлтийг хэллээ. Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүй чиглэлтэй тул шаардлагатай үед тусгай зохицуулалт хийх, төвөөс албан хаагч томилон ажиллуулах зэрэг зохион байгуулалтууд хийж байгааг Ц.Нямдорж сайд хэлсэн юм.


    Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “… асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх…” хэмээн заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлсэн. Хүүхэд хамгаалал, эрхийг хангах, аюулгүй байдлыг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 сайд хамтран ажиллаж, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоолын төслүүдийг боловсруулан УИХ-ын 2018 намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлээд, энэ талаарх мэдээллээ танилцуулах нь зүйтэй гэдгийг хэлсэн. Монгол Улсын 2016 оны улсын төсөвт хүүхэд хамгаалын чиглэлд 399 сая төгрөг төсөвлөсөн байсан бол УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилж байгаад 2018 оны улсын төсөвт 5 тэрбум төгрөгт хүргэсэн талаар тэрбээр дурдаад “Энэ төсөв хангалтгүй, тиймээс ирэх онд хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэн, зохион байгуулалттай хэрэгжүүлж, дараа нь төсвийн зарцуулалтад өндөр хяналт тавих нь зүйтэй” гэв. Түүнчлэн суурин газрууд дахь хүүхдийн төвлөрөл ихтэй газруудыг камержуулах, тухайн орчныг хариуцах эзэнтэй болгох асуудлуудыг ирэх есдүгээр сараас өмнө цэгцлэх шаардлагын талаар холбогдох талуудад сануулсан. Төгсгөлд нь тэрбээр хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээг сайжруулахтай холбоотой арга хэмжээ, төсөв санхүүжилтийг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарах, хүүхдийн төвүүдэд төрөөс хяналт тавих шаардлагын талаар санал хэлсэн. 

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

    Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоод Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг танилцууллаа. 


    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Ж.Энхбаяр нар ажилласан бөгөөд зургаадугаар сарын 27-ны өдөр хуралдсан байна. Тус хуралдаанаар төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлсэн аж. 

    Санал дүгнэлтийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, О.Баасанхүү, Д.Оюунхорол, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав. 

    Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэхээс сэргийлэн 2012 оноос журам батлаагүй, өнөөдрийг хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хүрээнд ус бохирдуулсны төлбөр гэж аваагүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд дуулгав. Харин бохир усны үйлчилгээний төлбөрийг иргэн, аж ахуйн нэгжээс, ус ашигласны төлбөрийг мөн авч байгаагаа хэллээ. Цаашид хуулийг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарыг оролцуулахгүйгээр жилд 3.9 тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөрөөс улсын төсөвт хуримтлуулах тооцоог гаргасан байна. Энэ мөнгөний 50 хувийг ус цэвэршүүлэх чиглэлээр технологи, техник, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж байгаа аж. Түүнчлэн төслийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэж буй усны бохирдол нэмэгдэгх хэрээр төлбөрийн хэмжээ нэмэгдэх зохицуулалт тусгасан байна. Төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн. 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж хэлэлцэж буй хуулийн төслүүдийн судалгаа, тооцооллыг нягтлах үндэслэлээр Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хоёр өдрийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Уг хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, тус бүлэгт хоёр өдрийн завсарлага өглөө. Ийнхүү УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж, УИХ-ын дарга М.Энхболд ээлжит чуулганыг хааж үг хэлсэн. (Улсын Их Хурлын даргын хэлсэн үгийг www.parliament.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу).


    УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу өнөөдөр өндөрлөж байгааг тэрбээр тэмдэглэв. Өнгөрсөн хугацаанд байнгын, дэд хороод 101 удаа 180 орчим цаг хуралдаж, 304 асуудал, нэгдсэн чуулган 27 удаа, 133 орчим цаг хуралдаж, 181 асуудал хэлэлцжээ. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83.0 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 2, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.




  2018-06-29 18:13  516