Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.07.08/ 11 цаг 27 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Н.Энхболд даргалав. Байнгын хорооны хуралдаанаар Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах тухай асуудал хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийлээ.

Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн хуралдаанаараа Сонгуулийн тухай болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэн Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьжээ. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлаж, сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар уг тогтоолын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, С.Эрдэнэ нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Санал хэлсэн гишүүд Сонгуулийн тухай хуульд тодорхойгүй заалт олон байгаа нь энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн явцад гарсан учраас хуулийн маргаантай заалтуудыг өөрчлөх саналаа Сонгуулийн ерөнхий хороо яаралтай оруулж ирж шийдвэрлүүлэх, түүнчлэн орон нутгийн сонгуулийг товлон зарлах өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох шаардлагатай зэргийг хэлж байлаа.

Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүн санал нэгтэй дэмжив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хуралд олонхи болсон МАН-аас Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг зөвшилцөхөөр хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдаад Ерөнхий сайдад нэр дэвшигчийн товч намтрыг гишүүдэд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нь 1974 онд төрсөн. 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2002-2004 онд Удирдлагын академи, 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн, Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

Түүний ажил, амьдрал Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой явж иржээ. Тэрбээр 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-ийн нягтлан бодогч, 1997-2000 онд аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, 2000-2004 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байжээ. Улмаар 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдож ажилласан. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас Сэлэнгэ аймгийн 26 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэллээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газар байгуулахаар тусгасан нь зөвхөн салбарыг удирдах сайд, дарга нарын асуудал биш тухайн салбарын асуудлыг сайн мэддэг төрийн мэргэшсэн албан хаагчдад ч хамаатай асуудал юм. Улс орны өнөөгийн эдийн засгийн байдлыг судалж байгаад Засгийн газрын бүтцээ тодорхой болгоно гэсэн бодолтой байгаа гэдгээ хэллээ.

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүн санал нэгтэйгээр дэмжлээ.

Ерөнхий сайдыг томилох асуудлыг Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл