Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2020.01.27-31)

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2020.01.27-31)

Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд УИХ-ын дарга Г.Занданшатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан мэтээр үндэслэлгүйгээр гүтгэсэн нийтлэл гарсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа авсны үндсэн дээр Өдөрттутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн тэргүүн Б.Баярмагнайд шаардлага хүргүүлэв. Уг шаардлагад

“Монголын өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хэмээх “зохиогчтой” зохион байгуулалттай гүтгэлгийн шинжтэй нийтлэл 2020.01.24-ний “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд гарчээ.

“Нэгдэл”-ийн ард нэрээ нуусан зохиогчид УИХ-ын дарга Г.Занданшатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 10 компани “шахаад” 6-д нь зээл авсан хэмээсэн байна. ЖДҮХС-гийн зээл тойрсон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг хутгах гэсэн зохион байгуулалттай үйлдэл өмнө нь ч гарч байсан удаатай. Тухайлбал, нэгэн сайтын нэр бүхий сэтгүүлч яг ийм агуулгатай гүтгэлгийг олон нийтэд түгээсэн зөрчлийн хэрэгтээ хуулийн байгууллагаас торгууль, захиргааны арга хэмжээ авагдсан юм.


Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь “Миний бие болон надтай хамааралтай хувь хүн, аж ахуйн нэгж, компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээлд хамрагдаж, зээл аваагүй, нөлөөлөөгүй тул улс төрийн зорилгоор зориуд тарааж буй гүтгэлгийг яаралтай шалгаж, хариу мэдэгдэхийг хүсье” хэмээсэн албан бичгийг Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт 2018.11.27-ны өдөр хүргүүлсэн байна. Энэ дагуу хянан шалгаад “Тухайн цахим сайтын сэтгүүлч … нь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариуг Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн юм. 

Ийнхүү нэгэнт худал мэдээлэл болохыг хуулийн байгууллага шалгаж тогтоосон байтал дахин зориудаар гүтгэж буй нь зорилготой, зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Тиймээс “нэрээ нуугаад сумаа тавьсан”, өдөр тутмын сонинуудын нэрийг ашиглан гүтгэлэг үйлдсэн этгээдүүдийг нэн даруй залруулга хийхийг шаардаж байна.

Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол хууль, шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 2020.01.27.  http://www.parliament.mn/n/e5my


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав. 

Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг аж. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Уг нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасаж, 8 bis дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субьект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай аж.

Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 ter дугаар зүйлийг нэмжээ. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар заажээ. Түүнчлэн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд 2 төрлийн хязгаарлалт тогтоосоэ агаад нэгд, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.

Байнгын хорооны гишүүдийн олонх нь Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайныг” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайныг” гэж,  29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 29.2 дугаар зүйлийн гарчиг, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайн” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайн” гэж тус тус өөрчилж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, тухайлбал Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгохоор тусгажээ.


Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан хэдий ч эдгээр хуулиудад тухайн асуудльи зохицуулсан зохицуулалт байхгүй тул мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдлыг арилгах хэрэгцээ, шаардлага үүсчээ. Иймээс Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулах замаар хууль хоорондын зөрчил арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ. 2020.01.28.  http://www.parliament.mn/n/e9my


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд эхлээд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэв.

УИХ-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд УИХ ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24ий өдөр байхаар тогтоохоор тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгажээ.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, УИХ ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно; тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна; аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заасан.

Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүрбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүрдээ нэг тойрог байхаар тусгажээ.

Харин УИХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байх аж. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүрэг 2 мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 5 мандаттай байхаар тусгасныг Байнгын хороо дэмжлээ.


Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийсний зэрэгцээ нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёоллуудыг бэлтгэжээ. Ингээд Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулах замаар хууль хоорондын зөрчлийг арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж үзэв. Уг тогтоолын төсөлд Уул уурхай, хүнл үйлдвэрийн яамны бүтцэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн албыг шинээр байгуулахаар тусгажээ. Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллах юм байна.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ.

Харин сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр гарах болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй явж иржээ. Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэв. 2020.01.28. http://www.parliament.mn/n/j5my


УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дэд дарга Чарльз Чонг-той  тус улсын Парламентын ордонд уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд ойн хүрээнд хоёр талын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээн хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа онцлов.

Тэрбээр Монгол Улс нь байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд газар зүйн хувьд Ази, Европыг холбосон “төв” зангилаа юм. БНХАУ, ОХУ, Монгол Улсыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулаад байна. Газар зүйн энэ таатай байдлаа ашиглан уул уурхайн салбараа зөв хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах, техник, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байна. Монгол Улс нь байгалийн нөөцөөр баян ч далайд гарцгүй улс. Харин Сингапур Улс байгалийн баялаг багатай ч далайд гарцтай өндөр хөгжилтэй улс. Тиймээс манай хоёр улс давуу талаа харилцан ашигтай байдлаар ашиглан хорших боломжтой хэмээн үзэж байна гэлээ. Түүнчлэн Сингапур Улсын “Темасек” олон улсын сан, Сингапурын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.


Ноён Чарльз Чонг хоёр улс уул уурхай, мэдээлэл технологи, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой. Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд найрсаг харилцаат Монгол Улстай мэдлэг, туршлага, чадвараасаа хуваалцахад ямагт нээлттэй байна. Түүнчлэн Монгол Улсаас дээд, өндөр түвшний болон УИХ-ын гишүүдийн айлчлалыг хүлээн авахад бэлэн байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, Монгол Улс 2016 онд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол Улсад айлчилсан. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапур Улсад айлчлахаар төлөвлөж байна. Дээд түвшний айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, ойрын ирээдүйн чиглэлийг тогтоох нь дамжиггүй гээд хоёр орны парламент, гишүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндсөний зэрэгцээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Тан Чуан Жин болон ноён Чарльз Чонгийг парламентын гишүүдийн хамт боломжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. 2020.01.29. http://parliament.mn/n/j9my


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирчээ. Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж, эрчим хүчний хувьд бие даасан байдлаа хангах, эрчим хүчний системийн уян хатан байдлыг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм байна. Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлсэн бөгөөд төслийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Дараа нь банкны салбарыг чадавхжуулах хүрээнд Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав. “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр банкны системийн өөрийн хөрөнгө нэмэгдэн салбар бүхэлдээ эрүүлжиж, улмаар эрсдэл даах чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжин, банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэхийн зэрэгцээ нээлттэй, ил тод болох аж. Мөн зохистой засаглалын гол хүчин зүйл болох шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, хяналт-тэнцэл хангагдахын зэрэгцээ дотоод хяналтын тогтолцоо бий болох ач холбогдолтойг төслийн танилцуулгад дурджээ. Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх болон банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон байна. 2020.01.29.  http://parliament.mn/n/kdmy


Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд эхлээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.  

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг" төслийг 2013-2017 онд Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлжээ. Энэ амжилтад түшиглэн “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохирсон байна. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил,  зээлийн хүү жилд 1.25 хувь байх аж.


Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөв. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохиролцжээ. Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж, эрчим хүчний хувьд бие даасан байдлаа бэхжүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулж алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх /2015-2018/”-д хийсэн нийцлийн аудитын тайланг сонсов. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан юм. 


Тус аудитад БОАЖЯ, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Газрын даамал зэрэг газрын харилцааны чиглэлийн байгууллага, албан тушаалтнуудын 2015-2018 оны байдлаарх газар олголт, ашиглалттай холбогдох үйл ажиллагааг хамруулан, холбогдох шийдвэр, нэгж талбарын хувийн хэрэг, баримт материалыг түүвэрлэн шалгасан байна. Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд нь хоорондоо уялдаагүй, давхардсан тоогоор 13 аймаг, 2 чөлөөт бүс болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь улсын хэмжээнд газрыг үр ашигтай зөв хуваарилан төлөвлөх, зохистой ашиглах, хамгаалахад эрсдэлтэй байна гэж аудитын байгууллаг дүгнэжээ. Мөн улсын хэмжээнд 2015-2018 оны хооронд шинээр олгосон газрын 51 хувь нь Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй зөрчилтэй байсан нь тогтоогджээ. Энэ нь хот, суурин газрууд төлөвлөлтгүй, эмх замбараагүй тэлэх нөхцөлийг бүрдүүлж, орчны бохирдол, замын түгжрэл ихсэх зэрэгт нөлөөлж байгаа аж. Түүнчлэн энэ хугацаанд олгосон газрын 12.1 хувь буюу 25015 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр бусдад давуу байдлаар эзэмшүүлж, ашиглуулсан нь төрийн байгууллага, алба тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргадаг байх эрсдэлтэй юм.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр газрын хэмжээг үнэ төлбөргүй нэмэгдүүлж шийдвэрлэдэг зөрчил нийтлэг байгаа нь хуульд заасны дагуу шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна. Иргэн, хуулийн этгээдэд газар шинээр олгох шийдвэрийг үндэслэн газар эзэмшигч, ашиглагчтай гэрээ байгуулах хугацааг хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, газрын гэрчилгээний үнийг зөрүүтэй тогтоосон эрх зүйн зөрчилтэй байгаагаас улс, орон нутгийн төсөвт газрын төлбөр, хураамж бүрэн төлөгдөхгүй байна гэж үзсэн байна.

Түүнчлэн газрын кадастрын нэгдсэн сан бүрдүүлэх талаар салбар хуулиудад тодорхой зохицуулалтгүйгээс улсын хэмжээнд газрын бүртгэл, зураглалыг нэгдсэн нэг мэдээллийн стандартгүй, өөр өөр солбицлын тогтолцоо, программ хангамж эрхлэн хөтөлж байгаагаас улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тайлан, тоо, бүртгэл үнэн бодитой гарч чадахгүй байна. Чөлөөт бүсүүд, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн суурин бүсийн газрын кадастрын зураглалын мэдээллийн сангийн төлөвлөлт, хөгжүүлэлт хангалтгүй байгаа нь эрх бүхий албан тушаалтнууд давуу байдлаар ашиглах эрсдэлтэй байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.

Хуралдаанаар  “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж, зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулдаг аж. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж, эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулахаар уг тогтоолын төслийг боловсруулсныг гишүүдийн олонх нь дэмжив. Төгсгөлд нь “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд түр хойшлуулахаар тогтов. 2020.01.29. http://parliament.mn/n/kumy


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд эхлээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл -ийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Энэ асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд зөвшилцөхийг дэмжиж санал, дүгнэлтээ тус Байнгын хороонд ирүүлсэн юм.

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 2013-2017 оны хооронд 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй нь шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан байна. Иймээс энэхүү төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохирсон байна.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэж Засгийн газар үзэж байгаа аж.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ үеэр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс 2018 онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан бол 2019 оны эцсийн байдлаар 72 мянган тонн болж өссөн. Гэхдээ гадаад зах зээл хязгаартай, малын гоц халдварт өвчний голомтоос шалтгаалан адууны мах, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг гадагш гаргаж байгаа. Сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гараагүй баруун бүсийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гоц халдарт өвчингүй тайван бүс болгуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр салбарын яам ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүнийг гадагш гаргах ажлыг улс хоорондын хэлэлцээр, хорио цээрийн дэглэм журмын дагуу зохицуулдаг учраас дуртай болгон нь гаргах боломжгүй. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн гадагг гаргах ажлыг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуваарийн дагуу зохицуулж байгаа, цаашид тоо хэмжээг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Энэ үндсэн дээр хятадын талтай мах, махан бүтээгдэхүүн гаргах протоколыг удахгүй байгуулах гэж байна, сүү, сүүн бүтээгдэхүүн гаргах протокол байгуулагдсан. Энэ мэтчилэн зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч байна. Ер нь цаашдаа жилд 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна гэдгийг хэллээ. Мөн 15 сая тонн арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дарханд баригдана, ер нь малын арьс шир, түүхий эдийг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлийг яамны зүгээс барьж байгаа гэдгийг нэмж тодотгосон юм.   

Дараа нь Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийг зөвшилцөв. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохиролцжээ. Уг асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн байна. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.


Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан байна. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг аж. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 дүгээр сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн зохих дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан зүйлийг нэмжээ.

Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ тус Байнгын хороонд ирүүлсэн байна.Хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн юм.


Дараа нь Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж дэмжив. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 гишүүн улстай. Тус байгууллагын Ерөнхий бага хурлаас 1988 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167 дугаар конвенцыг баталжээ. Монгол Улс уг конвенцыг соёрхон баталснаар манай улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад  конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ  чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны зэрэгцээ хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёолол бэлтгэснийг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэв.  2020.01.29. http://parliament.mn/n/k9my


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлээд байсан юм. Иймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн учир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу  нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу төслийн 28 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулга бүхий 28.8 дахь хэсэг нэмэх, мөн нэр дэвшигч нь орон нутгийн Хурлын сонгуульд давхар нэр дэвших боломжтой байх зохицуулалтыг нэмэхээр Байнгын хороо шийдвэрлэжээ. Түүнчлэн нэр дэвшигчийн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хугацаа, сонгуулийн санал хураалт дуусах цаг болон санал хураалтын ирцийн талаар болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхээр болжээ. Ингээд Байнгын хороонррс гаргасан саналуудаар санал хурааж шийдвэрлэн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.


Үргэлжлүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооноос хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслүүд батлагдав.  

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэв. 2020.01.30.  http://parliament.mn/n/mmmy


УИХ-ын чуулган үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны зэрэгцээ хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёолол бэлтгэжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлав.

Дараа нь Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 гишүүн улстай. Тус байгууллагын Ерөнхий бага хурлаас 1988 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167 дугаар конвенцыг баталжээ. Монгол Улс уг конвенцыг соёрхон баталснаар манай улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад  конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна. Ингээд Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.


Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 28-ны хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналын дагуу тус албаны чиг үүрэг, зохион байгуулалттай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтжээ. Мөн тогтоолын төслийн талаар Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь дэмжиж, гишүүдийн 70 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн албыг шинээр байгуулахаар тусгажээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтсон байна.


УИХ-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд УИХ ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24ий өдөр байхаар тогтоохоор тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжиж батлав.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувийн саналаар баталлаа. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна.


Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгажээ. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойргийг тус тус байгуулахаар тусгажээ. Харин бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулсан байна.

УИХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (сонгуулийн 24 дүгээр тойрог), Чингэлтэй (сонгуулийн 25), Баянгол (сонгуулийн 26 дугаар тойрог), Хан-Уул дүүрэг (сонгуулийн 29 дүгээр тойрог)-үүд тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх дүүрэг 5 мандат (сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай)-тай, Сонгинохайрхан дүүрэг 5 мандат (сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай)-тай байхаар тусгажээ. Ингээд тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж, нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь буюу 88.1 хувь нь дэмжив. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Харин энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг илээр явуулахад олонхын дэмжлэг авч чадаагүй тул УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Ингээд завсарлагын хугацаа дууссан тул үдээс хойших хуралдаанаар асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, горимын саналын дагуу чуулганы үдээс өмнөх хуралдааны санал хураалтыг хүчингүй болсонд тооцож, дахин санал хурааж шийдвэрлэсэн юм. 2020.01.31. http://www.parliament.mn/n/m9my


Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах шаардлага тулгараад байгаа. Иймд нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн “Аэросити”, “Майдар” хотыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 

Аэросити хот нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг дагаж хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөжээ. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжууд байгуулах, цаашдаа Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болох юм байна. 

Харин Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн зарим их, дээд сургуулийг тус хот руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзсэн байна. 

Тогтоолын төсөл батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тоггвортой хөгжих болон хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.


Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр манай улсын нийт хүн амын 67 хувь буюу 2,2 сая нь хот, суурин газарт, тэр дундаа нийт хүн амын 45 хувь буюу 1,4 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрч байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг аж. Томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудал тулгарч байна. Их, дээд сургуулиудын дийлэнх хэсэг нь буюу 88.5 хувь нь Улаанбаатар хотод байршиж, нийт оюутнуудын 95.3 хувь нь суралцаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. 2020.01.31.  http://www.parliament.mn/n/cdmy


Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 улсаас 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр 140 улсаас 99, бизнесийн орчны индексээр 190 улсаас 74, авлигын индексээр 93 дугаар байрт орж, хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур байгаа. Иймд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гаргаж, Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж, гишүүдэд салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажиллажээ.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино  хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж, “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ. Үүнд,

  1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл - “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”,
  2. Хүний хөгжил - “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”,
  3. Амьдралын чанар ба дундаж давхарга - “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”,
  4. Эдийн засаг - “ДНБ-ий хэмжээ 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15.000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”,
  5. Сайн засаглал - “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”,
  6. Ногоон хөгжил - “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”,
  7. Амар тайван, аюулгүй нийгэм - “Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”,
  8. Бүсчилсэн хөгжил - “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”,
  9. Улаанбаатар ба дагуул хот - “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгож хөгжүүлнэ”. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулахад идэвх, зүтгэлтэй оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар болон эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд хаврын ээлжит чуулганаар уг асуудлыг хэлэлцэн баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт “амь” орж, бодитой, үр дүнтэй хэрэгжинэ. Ард түмний аж амьдрал, улс орны хөгжил дэвшил тууштай, нэг чигт тогтвортой хөгжих бололцоо бүрдэнэ гээд уг төслөөр иргэд, олон нийтийн оролцоог хангасан нээлттэй сонсгол,  хэлэлцүүлгүүд зохион байгуулж, төслийг хаврын ээлжит чуулганаар  хэлэлцэж батална гэдгийг мэдэгдэв. 2020.01.31.    http://www.parliament.mn/n/cmmy


УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.  Тогтоолын төслийн талаар хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 1, УИХ дахь намын бүлэг,  зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133  хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Төслийг боловсруулахдаа хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримталжээ.


Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр тогтов. Үүнд: 

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/“Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 

17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/бусад.

Ингэхдээ хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв. Харин Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргад зөвшөөрөхөөр тогтов.


Дараа нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцэж батлав. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг аж. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Үргэлжлүүлэн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн джмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, тухайлбал Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгох юм байна.

Нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны орон тооны гишүүнд Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг нэр дэвшүүлснийг дэмжин баталж, О.Батбилэгийг хорооны орон тооны гишүүнээс чөлөөлөв. 


Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээж дэмжин анхны хэлэлцүүлэгрт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг УИХ-ын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ. Гэвч сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр гарах болсон. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй байна. Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх  Засгийн газрын мэдээллийг сонсов. Шинэ коронавирусийн халдвар тархсан талаарх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан даруйд Засгийн газар хоёр удаа, Улсын онцгой комисс хоёр удаа, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тус тус хуралдаж,  эл аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээллийнхээ эхэнд дурдав.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм. Эл нөхцөл байдалд зориулан авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн хэмжээг баталжээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомт, хорио цээрийн бүсэд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, албан хаагчдын хамгааллын хэрэгсэл, эм бэлдмэлээр хангах хөрөнгийн асуудлыг Пүрэв гарагт шийдвэрлэсэн байна. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрнээ дайчлан ажиллуулж байгаа гэв. Улсын хилээр нэвтэрч буй сэжигтэй тохиолдол бүрийг мэргэжлийн үүднээс шалгалт хийж, шинжилгээ авч, ажиглалт хийсээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Халдварт өвчний голомтоос ирсэн иргэдийг хүлээн авах тусгай байр бэлтгээд байгаа, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа гэдгийг Улсын онцгой комиссын дэд дарга мэдээлэлдээ дурдав. Зам тээврийн хөгжлийн яамнаас баталсан шугмаар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийг эрүүл ахуйн халдвар судлалын нөхцөлийг сайжруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Мөн БНХАУ-аас Монгол Улс руу ирэх Монгол Улсын иргэдийг тээвэрлэн, авчрах зорилгоор хуваарь гаргах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зохион байгуулах, ирсэн хойно нь хилийн боомтууд дээр ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн үзлэг хяналт хийж, сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мөрдөх онцгой дэглэмийг зарласан. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт, төрийн золголт, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан талаар Н.Энхболд сайд мэдээлэв. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хилийн зарим боомтыг хаах, хязгаарлалт тогтоох тухай шийдвэр гаргаад байгааг тэрбээр мэдээллийнхээ үеэр дурдав. БНХАУ-ын бүх мужид уг халдвар илрээд байгаа тул коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэн, тус улсаар дамжин Монгол Улсаар дайран өнгөрч буй эсвэл Монгол Улсад ирж буй гуравдагч улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. БНХАУ-ын талаас ирэх Монгол Улсын иргэдийг агаарын замын Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүдийн галт тэрэгний боомтоор нэвтрүүлж байх шийдвэр гаргажээ. БНХАУ-д байгаа олон монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд галт тэрэг нэмэх, автобус нэмэх байдлаар зохицуулалт хийжээ. Иргэдэд мэдээлэл авах боломжийг тооцоолон   Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн зүүн болон баруун талын хоёр боомтоор монгол иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэвтрүүлэх юм байна. Эрсдэлт цэгийг аль болох цөөлж, хяналт шалгалтыг өндөрсгөн, шаардлагатай арга хэмжээг авах нөөц, хүчээ төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгааг сайд онцоллоо. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг сайд тэмдэглэлээ. БНХАУ-ын Үхань хотод 33 монгол иргэн байгаа бөгөөд тэдгээрийн 2 нь үлдэх шийдвэрээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Харин бусад 31 иргэнийг буцаан авахаар өнөөдөр онгоц нисгэх зөвшөөрлөө БНХАУ-ын талаас аваад байгаа, тэдгээр иргэдээ эх оронд нь авчирах бэлтгэл хангагдсан гэдгийг хэлэв. 2020.01.31.   http://www.parliament.mn/n/c8my


УИХ-ын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай ажиллаж, холбогдох шийдвэрүүдийг гарган арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас Улсын онцгой комиссын хуралд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мэдээлэл хийж, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаасан, олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. Энэ хүрээнд багш нарыг байгаа газраасаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, суралцагчидтайгаа холбогдох чиглэл өгсөн бөгөөд тэдний цалин, урамшуулал, нэмэгдлийг ажилласнаар тооцож өгөх шийдвэр гаргасан. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс гадна иргэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хараа хяналтгүй  орхин ахуйн осолд өртүүлэхээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг Ё.Баатарбилэг сайд сануулав.

Монгол Улс дахь шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хүссэн гишүүдийн тодруултад Эрүүл мэндийн сайд хариулахдаа, “Энэ төрлийн халдвар нь дэлхий нийтийн хувьд шинэ төрлийнх гэдгийг онцолж хэлье. Засгийн газар, салбарын яамны зүгээс шуурхай ажиллаж Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдон Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ажилласны үр дүнд 1000 ширхэг оношлуурыг хүлээн авсан. Энэ хугацаанд сэжигтэй 58 тохиолдлыг шинжилсэн.


Албан ёсоор хэлэхэд, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Илэрсэн тохиолдолд мэдээллийг нуух шаардлагагүй, боломж ч байхгүй. Шинэ коронавирусийн халдвар илэрчихээд байхад нуух юм бол улс орон, ард түмэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно” гэдгийг мэдэгдэв. Мөн ДЭМБ-ын НДББ-ээс 3000 ширхэг оношлуурыг ойрын хугацаанд Монгол Улсад ирүүлэхээр болсныг дуулгалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү Япон Улс дахь ижил төрлийн байгууллагуудтайгаа албан шугмаар холбогдож дахин 1000 ширхэг оношлуур авахаар тохиролцсон учраас оношилгооны тал дээр бэлтгэл хангагдсан гэж үзэж болно гэв. Гэсэн ч эрсдлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбарынхан бүрэн бэлтгэл хангаж, нягт нямбай ажиллаж байгаа гэлээ.

Энэ үеэр гишүүд амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний халдвар, тархалт, тоон мэдээллийг тодруулж, хариулт авсан юм. Улаанбаатар хот болон суурин газруудын агаар, орчны бохирдол нь амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний халдвар даамжрах нэг шалтгаан болж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Тиймээс цаашид уушгины чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмжүүдийг сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайд онцлов. Түүнчлэн дотоодын хүнсний нөөцийн талаар, холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулаад, хомсдол үүсэхгүй гэдгийг дурдав. 


Мэдээллийн эцэст УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээрх арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж ажиллаж байна. Хилийн хорио тогтоож, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв, санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зэргээр холбогдох бүр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ бол монголчууд төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч буй том сорилт. Энэ сорилтыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн эв санааны нэгдэлтэйгээр даван туулна. Иймээс олон улсын жишгийг харгалзан Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох бүхий л байгууллагууд УИХ-ын гишүүдийн хэлсэн саналуудыг анхаарч, харгалзан үзэж ажиллах шаардлагатай. Нэн тэргүүнд шуурхай дуудлага хүлээн авч, нэг шугамаар иргэдэд мэдээлэл өгөх, дуудлага бүрийг хянах төвийг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Амны хаалт, ариутгалын бодисны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат шатандаа авах хэрэгтэй, мөн хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Өндөр зохион байгуулалттайгаар эрсдэлийг даван туулна. Олон улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ-аас дэгдэлт хаврын улиралд нэмэгдэх магадлалтай гэснийг харгалзан эрсдэл урд байгаа гэж тооцон, сонор сэрэмжээ нэмэгдүүлж, зохион байгуулалтаа өндөржүүлэх шаардлагатай байна” гэлээ. 

Үргэлжлүүлэн УИХ-аас баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссон бөгөөд үүгээр УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 2020.01.31.  http://www.parliament.mn/n/cumy


УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганыг хааж дэлгэрэнгүй үг хэллээ. УИХ-ны дарга хэлсэн үгэндээ, 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд УИХ бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажилласан бөгөөд өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүйг онцлов.

Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэж баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй гэдгийг цохон дурдав. Түүнчлэн намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засаг, хүн ардынхаа сайн сайхан амьдралыг хангахад чиглэсэн олон чухал хууль тогтоомж баталсны заримаас эш татан дурдлаа.


Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ. Энэ чуулганаар тавьсан зорилго, хүлээсэн үүргийнхээ дутууг хэрэгжүүлж, дундуурыг дүүргэх үүрэг хариуцлага бидэнд ногдож байгаа. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх нь чухал байна. Дагалдан гарах учиртай холбогдох хуулиудыг өөрчлөн шинэчилснээр бидний баталсан, 2020 оны тавдугаар сараас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амилах болно.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулиудын төслийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага үүсэж байгааг сануулж хэлье. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх нэг томоохон алхам, санаачилга юм гээд эдгээр хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулах, хэлэлцэх бэлтгэлийг хангах чиглэлээр чуулганы завсарлагаар идэвхтэй ажиллахыг Засгийн газар, холбогдох яамд, УИХ-ын Тамгын газарт үүрэг болголоо. 


УИХ-ны дарга үгийнхээ төгсгөлд титэмт вирус дэлхий дахиныг түгшээсэн, халдварын аюул заналхийлсэн  онцгой цаг үед УИХ-ын намрын чуулган завсарлаж байна. Аюулт өвчнөөс сэргийлэх, иргэдээ хамгаалах, улсын эдийн засаг, ард олны ахуй, хэрэглээнд доголдол гацаа үүсгэхгүй байлгах талаар түмнээ төлөөлсөн түшээд Та бид ч үүрэг хариуцлага хүлээж, шаардлагатай тохиолдолд зөв, оновчтой шийдвэр гаргахад бэлэн байх учиртай гээд гэр бүл, орчин тойрноо хайрлан хамгаалж, журам дүрэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, санамжийг сайтар биелүүлэн, элдэв хоосон таамаг, цуу ярианд авталгүй, бат цул нэгдэлтэй байхыг нийт ард иргэддээ уриалав. 2020.01.31. http://www.parliament.mn/n/c5my


Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ойн өдөр "Сүхбаатар" комик номын нээль болов. Шинэ эриний Монгол жанжны намтарчилсан комик ном нь 10 цувралаас бүрдэх агаад эхний хоёр ном нь өнөөдөр уншигчдын гарт очлоо. Үлдсэн 8 номыг ирэх 6 дугаар сард багтаан гаргахын зэрэгцээ хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээл бэлтгэж түгээх юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.


Номын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож хэлсэн үгэндээ,  “ХХ зууны түүхийг орчин үеийн арга хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Энэ үеийн түүх Коминтерны шахалтаар гажуудаж, гуйвуулагдсан байдгийг түүхч, судлаачид тогтоож байна. Энэ дундаас хамгийн олзуурхууштай зүйлийн нэг нь Ардын хувьсгал бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө агуулгатай, түүхэн шинж чанараараа Үндэсний ардчилсан хувьсгал байсныг түүхийн баримтаар нотолж байгаа явдал юм. Тухайлбал, 1923 онд Нутгийн захиргааны дүрэмд “…Ван, гүн, ноёдын эрх хэмжээг хязгаарлаж, 10 гэрийн хурлаас эхлэн сум, аймаг, хошуу, улсын их хурлуудыг дэс дараалан байгуулж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж, ололнхын саналаар шийдвэрлэж байвал зохино. …Улсын ба аймаг, хошуу, сум, баг, 10 гэрийн даргыг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвар бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролцсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино” хэмээн заасан нь жинхэнэ төлөөллийн ардчиллыг нэвтрүүлсэн хэрэг юм.

Мөн Ардын намын дүрмийн эх зохиогчдын нэг Жамсрангийн Цэвээн “Ардын засаг” гэж бичээд (демократия) гэж хашилтад тэмдэглэж үлдээсэн нь архивын баримтад тодхон үлджээ. Энэ мэтчилэнгээр түүхийн шинэ баримтуудаар гажуудсан түүхийг засаж залруулж, хойч үедээ үнэн зөвөөр үлдээх боломж бий болж байна. 

Энэ 10 цуврал түүхэн комик бүтээл нь Д.Сүхбаатар судлалыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна гээд Их жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, захисан үгсийг нь хойч үе маань үргэлж санаж явах учиртайг онцлов. 2020.02.02. http://www.parliament.mn/n/pdmy


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл