Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэх арга хэмжээг яаралтай авах талаар Засгийн газарт тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтов

  2017-11-15 17:39  690

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.11.15/ 14 цаг 43 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, тус Байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж санал, дүгнэлт боловсруулан ажиллах Ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.


Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт танилцуулав. Тэрээр, Туул голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийг Байнгын хороо хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн.

Арьс, ширний үйлдвэрүүд стандартаас 2-5 дахин их бохир усыг Туул голд урсгаж байгаа талаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын 2012 оны Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол гарч, тогтоолын 2 дугаар зүйлийн 5-д “арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах”-ыг Засгийн газарт даалгасан. Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолын дагуу арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулахыг даалгасан “Арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршлын тухай” Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоол гарсан болно. Түүнчлэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд Улаанбаатар хот дахь мал, аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, Эмээлт өртөөг түшиглэн Хөнгөн аж үйлдвэрийн парк, Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж, ложистик, агуулахын аж ахуйг хөгжүүлсэн 3081 га нутаг дэвсгэр бүхий 14000 орчим хүн амтай хот байгуулахаар төлөвлөжээ.

Уг ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах Арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршил, газартай танилцсан. Шалгалтаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай шүүлтүүрийг хэрэглэдэггүй, дутуу цэвэрлэсэн бохир усыг “Харгиа” цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг бөгөөд “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нь “Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”-нээс 3.3-21 дахин их гарсан байна.

Иймд стандартын шаардлага хангахгүй бохир ус нийлүүлж байгаа арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх арга хэмжээг яаралтай авах, УИХ-ын 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг түргэсгэх шаардлагатай байна гэлээ. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс хийгдсэн ажил болон бодит нөхцөл, байдлын талаар тодруулга авав. УИХ-ын гишүүн М.Билэгт, Хөнгөн аж үйлдвэрийн парк байгуулах бүсэд иргэдэд өмчлүүлсэн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулав.


Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан өгсөн тайлбартаа, иргэдэд цахимаар газар олгосон, энэ нь иргэдийн өмчлөлийн асуудал учир иргэдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, өөр газарт шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Түүнчлэн Эмээлтийн асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулсан, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах болно гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, мал, аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд дэд бүтцэд 148.5 сая ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг босгоход барих-ашиглах-шилжүүлэх концессор шийдвэрлэх боломжтой, саналууд ирсэн байгаа. Ер нь цаашид барих-ашиглах-шилжүүлэх зарчмаар ажлаа явуулах нь зүйтэй гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэсэн тайлбар хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийлэхдээ, өнөөдөр Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол шинээр гаргах шаардлагагүй, Засгийн газарт өгсөн өмнөх тогтоолыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үндсэн чиг үүрэг мөн харин УИХ хяналт тавьж ажиллана. Өмнөх Байнгын хорооны тогтоолыг хэвээр нь хадгалах нь зүйтэй. Иймд өнөөдрийн хуралдаанаас тэмдэглэл гаргаж, тогтоолын хугацааг сунгах санал гаргаж байна гэлээ.

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа нар байр сууриа илэрхийлж, саналаа хэлсний дараа дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолыг мөрдөх талаар Засгийн газарт тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-11-15 17:39  690