Цэс

Холбоо барих

Монгол язгууртны булш

Эртний хүмүүс аливаа агуй хонгилыг оромж сууц, шүтлэгийн газар болон оршуулгын зориулалтаар ашигласаар ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс агуй, хадны оршуулга багагүй илрэн олдож, археологийн малтлага судалгааны нэгэн өвөрмөц төрөл болон хөгжиж байна. Эдгээрийн нэг болох Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших Цагаан ханангийн агуйгаас 1999 онд нэгэн хатмал шарил олдсон нь XIII-XIV зууны үеийн монголчуудад холбогдох түүхийн ихээхэн үнэ цэнэтэй олдвор болов. Хууль дүрэм, ёс зүйгээс гадуур зарим хүмүүсийн түүхийн үнэлж баршгүй дурсгалд халдаж, сүйтгэх үзэгдэл сүүлийн жилүүдэд манай оронд багагүй гарах болсны нэг жишээ уг агуйн оршуулгад тусч XIII–XIV зууны үеийн монгол язгууртан эрэгтэй хүний ямба ёслолын хувцастайгаа бүрэн оршуулга байсныг ухан сэндийчиж, улмаар шатааж орхисныг цагдаагийнхан илрүүлж азаар шаталгүй үлдсэн зарим эд зүйлсийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Эдүгээ эх хувиар Тайваний үндэсний музейд хадгалагдаж буй Монголын Юань улсын үеийн хаадыг хөрөгт дүрслэгдсэн малгай, зүүсгэл, Монголын эзэнт гүрний үеийн Перс миниатюр зурагт байх Монгол ноёдын гутал зэргийг бодитоор бүрнээ илэрхийлэх түүхийн хосгүй үнэт эдгээр дурсгалт зүйлсийг шатааж сүйдлүүлэлгүй бүрэн бүтнээр судлан гаргасан бол Монголын эзэнт гүрний үеийн язгууртны дүр төрхийг тодруулаад зогсохгүй тухайн үеийн хувцас хэрэглэл, эдийн соёлын талаарх судалгаанд үнэмлэхүй ахиц гарах байсан нь маргаангүй юм. Эдгээр олдворууд нь тухайн үеийн хаад, язгууртны өдөр тутам хэрэглэж байсан эд хэрэглэл, хувцас хунар зэрэг зүйлсийг өнөөгийн судалгааны түвшинд шинээр оруулж ирэхийн хамт бүс нутгаас анх удаагаа нүүдэлчин язгууртны хадны оршуулгаас хэрэглэж байсан эд зүйлс, хэрэглэл нь олон зууны туршид уур амьсгал, он цагийн бэрхшээлийг даван туулж, унаган хэлбэр төрхөөрөө олдсоноороо эрдэм шинжилгээ хийгээд танин мэдэхүйн чухал ач холбогдолтой байна. Цагаан ханангийн агуйгаас илрэн гарсан дурсгалт зүйлсийн үнэ цэнэ, ач холбогдолыг харгалзан үзэж булшнаас үлдсэн есөн нэгж олдворыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “Түүх соёлын дурсгалт зүйлсийн хосгүй үнэт зэрэглэл”-д бүртгэснээр улсын хамгаалалтанд орсон байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.