Цэс

Холбоо барих

Ш.Наранцэцэг: Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар халах нь Үндсэн хуулийн зөрчил болох тул дэмжиж байна

Булган аймгийн Дашинчилэн суманд өнөөдөр (2017.08.17) УИХ-ын Тамгын газраас томилсон баг ажиллан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нийт 16 сум, 1 тосгон, 75 багтай тус аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэгт Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр, ИТХ-ын дарга А.Батжаргал болон Рашаант, Баяннуур, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, иргэд оролцлоо.


Дашинчилэн сумын ИТХ-ын дарга А.Батжаргал олон нийтийн хэлэлцүүлгийг нээсний дараа УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд булганчуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Олон нийтээр хэлэлцүүлж буй энэхүү төслийг боловсруулахын тулд Засгийн газраас улс орон даяар зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлгийн тайлан, Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий үе үеийн УИХ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлт болон эрдэм шинжилгээний хурлуудын зөвлөмжид үндэслэн, холбогдох хуулийн дагуу анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг  явуулахаар шийдвэрлэсэн байдаг.

  • УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
  • Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах;
  • Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
  • Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх, баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох;
  • Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн хоёр шатны зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжид тулгуурлан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг өдгөө олон нийтээр хэлэлцүүлж буй төслийг боловсруулжээ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл” сэдвүүдээр дэлгэрэнгүй танилцууллаа. Харин “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур иргэдэд мэдээлэл өгч, төслийн зүйл заалт бүрийг тайлбарлав.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд Төрийн жинхэнэ албанд томилох, албан тушаалд шатлан дэвшүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангахдаа мэдлэг чадварт суурилсан зарчим баримтлах саналыг эхний судалгаагаар 90.3 хувь нь, хоёр дахь судалгаагаар 91.3 хувь нь төсөлд тусгах нь зүйтэй хэмээн дэмжсэн аж. Иймд “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар, төрийн алба хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглохоор, төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох”-оор тус тус төсөлд тусгажээ.


Судалгаанаас үзэхэд төрийн албаны удирдлагыг хариуцсан байгууллага нь парламентаас байгуулагддаг хараат бус, гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаг яамны эрх хэмжээтэй, аль ч эрх мэдлээс хараат бус, бие даасан гэсэн гурван хэлбэртэй байдаг байна. Мөн төрийн албаны төв байгууллагын эрх зүйн үндсийг бие даасан хуулиар тогтоодог дэлхий нийтийн жишиг ч байдгийг Ч.Ариунхур зөвлөх танилцууллаа. Түүвэр судалгаанд хамрагдсан 51 улсын хууль, тогтоомжийг үзэхэд төрийн албаны төв байгууллагын эрх зүйн үндсийг Үндсэн хуулиар тогтоосон 17 улс байдаг байна. Мөн төрийн албаны төв байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг, хараат бус байдлын баталгаа, гишүүдийг томилж, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа, гишүүдэд тавигдах шаардлага, гишүүнээр томилогдож болохгүй субьект, гишүүнд хориглох зүйлс зэрэг харилцан адилгүй зохицуулалтыг Үндсэн хуулийн хэмжээнд хуульчлан зохицуулжээ.

Төрийн албатай холбоотой дээрх нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулснаар Төрийн албаны зөвлөл Үндсэн хуульд тодорхойлсон хараат бус, бие даасан байгууллага байх нь Монгол Улсын хэмжээнд төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг жигд хангуулах, улс төрөөс ангид мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших тогтолцоо бүхий төрийн албыг бэхжүүлэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна. Түүнчлэн төрийн албыг улс төрөөс ангид байлгаж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, төрийн бодлогын үр нөлөөг тогтвортой байлгах, төрийн албан хаагчдын эрх зүйн баталгаа бодитоор хангагдаж, төрийн албан хаагч мэргэшсэн, чадварлаг байх нөхцөл бүрдэх, төрийн албанаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах боломж бүрдэх аж.


Ийнхүү зургаан багц сэдвийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан заалт бүрийг өөрчлөх болсон үндэслэл, онол, судалгаа, ач холбогдлын талаарх дэлгэрэнгүй танилцуулгын дараа иргэд асуулт асууж, УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодруулсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоог нэг дахин нэмэгдүүлж 11 болгохоор төсөлд тусгасан үндэслэл, мөн энэ төсөл батлагдсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг хэн, ямар шалгуураар томилох талаар Баяннуур сумын иргэн Оюунбилэг асуув.


Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль 1992 онд батлагдсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсан бөгөөд 1993 оны Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл 12 гишүүнтэй байсан. 2002 онд Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн найруулга батлагдсанаар 14 гишүүнтэй болсон бол 2012 онд батлагдсан салбарын хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны 5 гишүүнтэй байх зохицуулалт тусгасныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж тайлбарлав. 1992 онд Үндсэн хуулийг батлах үеэр АИХ-ын депутатуудаас Шүүхийн ерөнхий зөвлөл 11 гишүүнтэй байх нь зүйтэй хэмээн санал гаргаж, үзэл баримтлалд тусгаж тусгаж байсан аж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн дийлэнх олонхи нь Шүүхийн ерөнхий зөвлөл 5 гишүүнтэй байх нь цөөн, нөлөөлөлд өртөх эрсдэлтэй учир Үндсэн хуулийн анхны үзэл баримтлалд нь нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул төсөлд ийн тусгасан болохыг хэллээ.

Хишиг-Өндөр сумын иргэн Н.Ганхөлөг төслийн ерөнхийд нь дэмжиж буйгаа илэрхийлээд Засгийн газрын бүрэлдэхүүний 1/3 нь УИХ-ын гишүүн байхаар тусгаж байгаад Ерөнхий сайд багтах эсэхийг тодруулав. Мөн тэрбээр төслийн талаарх байр суурь болон өөрийн саналаа илэрхийлсэн. УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацаа 50 хоног байсныг 75 болгох гэж байна. УИХ-ын гишүүд хууль, тогтоол батлахаас гадна тэдгээрийг ард иргэдэд таниулах үүрэг хүлээдэг тул 60 хоног болгох, түүнчлэн Ерөнхий сайд ороод Засгийн газрын гишүүдийн 1/4 нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгах саналтай байгаагаа хэлэв. Олон нийтээр хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж тусгасан байгааг танилцууллаа.


Баяннуур сумын иргэн Б.Батхуяг төрийн албатай холбоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж буйгаа хэллээ. Төрийн албыг улс төрөөс хараат бус, тогтвортой байлгах шаардлага нийгэмд үүсээд байгаа бөгөөд үүнийг Үндсэн хуульдаа тусган, төв байгууллага нь улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Түүнчлэн Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилж, баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилохоор өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан нь тун оновчтой шийдэл хэмээн үзэж байгаа гэв. Түүний эл саналыг иргэд дэмжиж байсан юм.  


Хишиг-Өндөр сумын иргэн Эрдэнэбилэг 2000 гаруй жилийн төрт ёсны түүх, хууль цаазын эртний уламжлалтай Монгол Улсын хувьд бусад орны жишээ, олон улсын жишиг гэхээсээ илүү монгол ахуй, үндэсний онцлог, хүн ардынхаа сэтгэхүйд буух, аж төрөлд нийцэхүйц хууль тогтоомж гаргах нь чухал гэдэг саналыг гаргаж байв. Дашинчилэн сумын иргэн Ш.Наранцэцэг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй нь тун оновчтой гэдгийг хэлээд “Төсөл батлагдсан тохиолдолд төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ажил, албан үүргээс нь чөлөөлөх нь Үндсэн хуулийн зөрчилд тооцогдохоор болж байгаа юм байна. Тиймээс төсөл дэх энэ заалтыг талархан дэмжиж байна” гэлээ. 


Дашинчилэн суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэгт 232 иргэн оролцож, 130 иргэн саналын хуудсаар дамжуулан саналаа ирүүллээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг 2017 оны долдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 05-ны хооронд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана. Булган аймагт зохион байгуулагдаж буй олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэг энэ сарын 18-ны өдөр Булган суманд, 21-ний өдөр Хутаг-Өндөр сумдад тус тус үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл