Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.10.28) Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Худалдааны яамны Хятад, Монголын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч, ноён Алан Терли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад АНУ-ын Худалдааны яамны төлөөлөлтэй уулзсандаа баяртай буйгаа илэрхийлэв.

Ноён Алан Терли УИХ-ын даргад хариу талархал илэрхийлээд АНУ-Монгол улсын хооронд худалдаа арилжааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АНУ-ын худалдаа, бизнесийн салбарын хөрөнгө оруулагчдын төлөөллийн хамтаар уулзаж байгаагаа онцлов.


УИХ-ын дарга Г.Занданшатар, “Америкийн Нэгдсэн Улс нь бидний хувьд чухал Стратегийн түншлэл бүхий “гуравдагч хөрш” бөгөөд ардчилал, хүний эрх, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа. Нөгөө талаар Ази-Европыг холбосон хамгийн тохиромжтой, дөт байх боломжтой зам Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Ази-Европыг холбох гүүр нь болж байсан “Торгон зам”-ын түүхэн уламжлал бидэнд бий. Хоёр улсын улс төр, нийгмийн салбарын харилцаа хурдацтай хөгжиж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа энэ түвшинд хараахан хүрээгүй ч цаашид өргөжих бололцоо бий. Монгол Улсын газар зүйн байршлын онцлогийг ашиглан хоёр хөрштэй хийх экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал хандуулдаг. Нэн ялангуяа газрын тос, хийн хоолой болон мэдээллийн урсгалыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах замаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх сүлжээ бий болгох нь онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.


Монгол Улс хөдөө аж ахуй, ноос ноолуур, сүлжмэл эдлэл, уул уурхайн салбарын нөөц боломж ихтэй ч сүүлийн үед нар, салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарч байгаа учраас хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломж нээгдэж байгааг ч тэрбээр дурдав.

Уулзалтын үеэр талууд хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, “саарал жагсаалт”д орсноос үүдэн гарах нөхцөл байдал, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.


Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, гүйцэтгэх захирал О.Адъяа болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл