Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо зургаан асуудал хэлэлцэв


Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэв. 
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа. 
Хуулийн төсөлд ажилд шинээр ороход мөрдөх туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “туршилтын хугацаа”, “дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгажээ. Мөн “цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцох зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг тэрээр танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. 
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байв. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан. 
Хөдөлмөрийн тухай хуульд  ажил олгогч 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүсэлтийг нь үндэслэн хүүхэд асрах чөлөө олгон, ажлын байр хадгалах зохицуулалт байдаг бол хүүхэд асрах хугацаанд цалин болон амьжиргаа дэмжих тэтгэмж олгодогүй байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээр манай улсад хүүхэдтэй 531,1 мянга байгаа бөгөөд хүүхэдтэй нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй болжээ. Энэ нь монгол өрхүүд цөөн хүүхэдтэй болох хандлагын илэрхийлэл болохыг танилцуулгын үеэр Н.Номтойбаяр сайд тодрууллаа.  Иймд хүн амын өсөлтийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага байгаа учир хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзсэн байна. 0-16 хүртэлх насны хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй тул хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдгийг танилцуулгад онцолсон. Эдгээр хүндрэлээс шалтгаалан хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх зэргээр хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Хуулийн төсөлд 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг cap бүр олгох, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан байна. 
Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг тусгажээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдахаар тооцсон бөгөөд энэ жилийн төсөвт тусгах боломжгүй тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он байхаар тусгасан аж. 
Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь олон сөрөг үр дагавартай талаар Сангийн яамнаас ирүүлсэн саналыг тусгасан эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тодруулсан юм. Гэр бүл албан ёсны бүртгэлтэй байх нь олон давуу талыг бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг салбарын сайд хариулт өглөө. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд 78.6 хувийн саналаар дэмжив.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. 
Монгол Улсын хүн ам 2015 оны жилийн эцсийн байдпаар 3 057.8 мянга болж өссөн бөгөөд нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа нь дэлхийн бусад улсын хүн амын насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залуу бүтэцтэй улс гэж тооцогддог байна. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлага бий. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Мөн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилгоор шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох оролцооны хэлбэрийг тодорхойлж, Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл, төрийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг мөн оруулсан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой хэмээн төсөл санаачлагч үзжээ. 
Танилцуулгатай холбогдуулан Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав нарын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, саналаа хэлэв. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлээд, залуучуудын хөгжлийг дэмжих нь улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой учир үүн дээр тодорхой хэмжээний төсөв зарцуулан, бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Ийнхүү  Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. 
Ажлын хэсгүүдийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолууд батлав
Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. 
Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж ажилласан юм. Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн их сургууль, тус сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдэм шинжилгээний цөм лаборатори, Шинжлэх ухааны академи, Хими технологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн сан болон бусад хүрээлэн төв, гарааны компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна. 
Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцахад дээрх газруудад хуулийн хэрэгжилт жигд бус байна хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна. Хуулийг хэрэгжүүлэхэд нэн чухал шаардлагатай “инновацийн сан”-г бий болгох, инновацийн хөгжлийн үндэс болсон “төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн түншлэл”-ийг сайжруулах, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг гаргаж, цаашдын хөгжлийн асуудлыг тодорхойлох, өнгөрсөн жилүүдэд яамдын дэргэд байж төрийн дэмжлэгээр сайн ажиллаж байсан зарим нэгжүүдийг их, дээд сургуулиас татан авч яамдыг түшиглүүлэн дэмжлэг үзүүлж ажиллуулах шаардлагатай хэмээн үзжээ. Ажлын хэсгийн зүгээс Эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудын үйл ажиллагааг цаашид сайжруулахад  инновацийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай талаар дүгнэлтдээ дурдсан байна.  
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, А.Ундараа, Д.Ганболд, М.Оюунчимэг нар Ажлын хэсгээс асуулт асууж, дүгнэлттэй холбогдуулан санал хэлсэн юм. Мөн ажлын хэсгээс гаргасан саналыг үндэслэн хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөх “Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолыг баталсан юм. 
Дараа нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн тайлан хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр байнгын хороонд танилцуулга хийв. 
Ажлын хэсэг Шинжлэх ухааны академийн харьяа 10, их, дээд сургуулиудын харьяа 14, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээр санхүүждэг 5 хүрээлэнгийн удирдах бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээний ажилтнуудтай тус тус уулзалт зохион байгуулж, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдзм шинжилгээний хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Хими, технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, эрдмийн баг, хамт олонтой уулзалт ярилцлага хийсэн байна. Мөн Улаанбаатар Их Сургуулийн Археологийн музейтэй танилцжээ. 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд Засгийн газар, түүний дэргэдэх Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл, БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, түүний харьяа салбар 2 академи, яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөлүүд, ШУА, яамд, их дээд сургуулийн харьяа төсвөөс санхүүжилт авдаг 23, төсвийн бус хөрөнгөөр санхүүждэг 6 хүрээлэн, мөн хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд оролцож байгаа аж. 
Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас үүдэн шинжпэх ухааны салбар хүнд байдалд орж, эрдэмтэн, судпаачдын нийгмийн баталгаа жилээс жилд муудаж байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Түүнчлэн эрх зүйн орчны тодорхойгүй байдал, эрх бүхий байгууллагуудын алдаатай шийдвэрээс болж шинжлэх ухааны байгууллагууд үндсэн хөрөнгөө алдах үзэгдэл түгээмэл байгаа гэжээ. 
Манай улсын шинжлэх ухааны салбарт өнөөдрийн байдлаар нийтдээ 1720 эрдэм шинжилгээний ажилтан (full-time researcher) ажиллаж байна. Үүнээс 1526 эрдэм шинжилгээний ажилтан төсвөөс цалинжин ажиллаж байна. Их сургуулиуд болон бусад салбарт 1483 багш хичээл заахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд оролцож байгаа аж. Манай орны 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо ойролцоогоор 570 орчим байгаа нь дэлхийн дунджаас даруй 3 дахин бага, бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулшгүй бага хэмжээнд байгаа юм байна. Жилээс жилд мэргэшсэн эрдэмтэдийн тоо цөөрч, эрдэмтэдийг дэмжих бодлого алдагдаж байгаа тул эрдэм шинжилгээний ажилтны тоо, цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай болж байна. Түүнчлэн туршилт судалгаа хийх тусгайлсан нөхцөл, дэд бүтэц бий болгох, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах механизмыг бүрдүүлэх зэрэг олон асуудал тулгамдаад байгааг ажлын хэсгийн дүгнэлтэд тэмдэглэжээ. Иймд ажлын хэсгээс 
Шинжлэх ухааны салбарт үүсээд буй нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагуудаас эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлүүлэхээр гаргасан саналыг харгалзан хопбогдох хууль, эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийг байгуулах;
Шинжлэх ухааys салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд шинжлэх ухаан, технологийн талаар дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодохой арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны  тогтоолоор Засгийн газарт өгөх;
Ажлын хэсэгт салбарын мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлтүүдийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлүүлэхээр Засгийн газарт албан бичгээр хүргүүлэх, биелэлтийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгох саналыг гаргасан байна. 
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Д.Ганболд, Н.Учрал, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэлэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тус салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон “Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг дэмжих зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолыг баталлаа. 
Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл сонсов 
Байнгын хороо энэ өдрийн хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. 
“Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого 2017-2026”-ын талаарх хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд 8 суурь зорилтыг тодорхойлон ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 13 хуулийн төслийг боловсруулах, хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх 7 хөтөлбөр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн тэрээр цахим технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан эмч, мэргэжилтнүүд туршлага солилцох хурал, уулзалт, орон нутаг дахь мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт, өвтчөнүүдийн үзлэг, оношлогоог онлайнаар явуулж байгаа талаар танилцуулсан. Эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв. 
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарын асуудлыг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудал бөгөөд нэн тэргүүнд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 100.000 амьд төрөлтөд эхийн эндэгдэл 61.7 хувь байсан бол мөн оны төгсгөлд 48.6 хувь болж буурсан байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дээр хугацаанд 3.8 хувиар, нялхсын эндэгдэл 4 хувиар тус тус буурсан гэв. 
Сүрьеэ, бэлгийн замын халдарт өвчний нөхцөл нь үндэсний хэмжээнд аюулын харанга дэлдэж байгаа учир салбарын яам төдийгүй төрийн бодлогын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж. Эрүүл мэндийн яамны зүгээс халдварт өвчин судлалын төвийн бүтцийг өөрчлөн, сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчин судлалын төвүүдийг бие даан байгуулах талаар ажлын хэсэг томилон ажиллуулж байгааг дуулгав. Үргэлжлүүлэн эм үйлдвэрлэл, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон технологийн бодлогын хэрэгжилт нэгдсэн зохицуулалтын хүрээнд хийгдэж буй ажлууд, хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан. 
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл