“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 33 дугаарын тойм

  2020-09-07 09:17  27



Эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай хууль болон “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын хамт

бүрэн эхээр нийтэллээ. 

Цахим харилцааг ашиглах нь худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг багасгах, хил дамнасан цаасгүй харилцаа, экспорт, олон улсын худалдааг дэмжих хамгийн оновчтой, түргэн шуурхай арга зам хэмээн үзэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцыг баталсан байна. Одоогоор уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Уг конвенцод "аливаа харилцаа, эсхүл гэрээг цахим хэлбэрээр үйлдсэн гэсэн ганцхан үндэслэлээр түүний хүчин төгөлдөр байдлыг, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж болохгүй" гэж заасан бөгөөд цахим болон цаасан суурьтай мэдээллийг эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдлыг хадгалах, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим баримт бичгийг хадгалах, цахим харилцааг илгээх, хүлээн авах, гэрээ байгуулах автоматжуулсан мэдээллийн системийн ашиглалтын талаарх зохицуулалт нь Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоохоор байна. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын худалдааны түгээмэл хэлэлцээрүүдэд, тухайлбал, Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц (Нью-Йорк, 1958), Бараа худалдах-худалдан авах тухай НҮБ-ын конвенц (CISG) зэрэг баримт бичгүүдэд заасан зарим шаардлагууд нь цахим харилцааг өргөнөөр ашиглах явдалд саад тотгор болох талтайг ЮНСИТРАЛ-аас гаргасан илтгэлд дурдсаны дээр Монгол Улсын цахим орчны харилцааны зохицуулалтыг олон улсын зохицуулалттай уялдуулан нийцүүлэх хэрэгцээ шаардлага гарчээ.  Иймд эдгээр шаардлага, үндэслэлийг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцыг соёрхон батласан байна. 

 Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тухай болон  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилж, чөлөөлсөн талаарх Улсын Их Хурлын тогтоолууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил, Бүгд Найрамдах Перу, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг тохоон томилсонтой танилцаарай.

Мөн энэ дугаараас Монгол Улсын Засгийн газраас баталсан Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны жагсаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 







  2020-09-14 11:48  27