Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

  2022-04-08 15:43  375

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.


Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийв.

Тэрбээр, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Power Construction Corporation of China Ltd” болон “POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарч, Эрчим хүчний яамтай 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ЭХА-14/2021 дугаартай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан.

Тус компани барилга угсралтын ажлыг 2022 онд багтаан эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа ба 61 сарын хугацаанд барьж дуусган, шинээр усан сан үүсгэж, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор “БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийг оруулж санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 271.48 сая ам.доллар болно.


Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/-ний тайланг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, БОАЖЯ-ны Үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцүүлж, тус зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг тайланд тусган 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлуулсан.Тус БОННҮ-ний тайланд төсөл хэрэгжих явцад үүсч болох сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээ, төслийн нөлөөллийн бүсэд өртөж буй айл өрхүүдийн тоо, нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын зардал, түүх соёлын дурсгалыг авран хамгаалах судалгааг тус тус тусгасан болно. 

Мөн Улсын тусгай хэрэгцээнд авсан 28000 га газар нутгаас 9871.1 га газарт шинээр усан сан үүсэх бөгөөд энэхүү газар нутагт амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон. Үүнд: Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Ховд голын зүүн захаар амьдарч буй 125 өрх, Улиаст багийн төв, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 145 айл, өрх, мөн нийт 84 байрлалд байгаа 206 иж бүрдэл түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тус тус нүүлгэн шилжүүлэх судалгаа хийгдсэн болно.

Түүнчлэн Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрт нөхөн олговор олгох болон түүх соёлын дурсгалыг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлыг 2022-2025 оны Улсын төсөвт суулгаж зохион байгуулахаар төлөвлөж байна. 


Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр буюу 271.48 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд хөрөнгө оруулалтаа 19.5 жилд нөхөх тооцоотой байна.

Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийг одоо мөрдөгдөж буй Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулсан болно.

Төслийн нөлөөлөлд өртөж буй дийлэнх иргэд газар өмчлөх, эзэмшлийн гэрчилгээгүй байгаа нь одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу иргэдийн газрыг үнэлэх, нөхөх олговрыг ижил төвшинд тогтооход хүндрэл учруулж байна.

Иймд нөлөөлөлд өртөж буй Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 125 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн 145 өрхөд 2022-2024 онуудад иргэн бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 36 сараар тооцсонтой тэнцүү хэмжээний нөхөн олговор олгох асуудлыг Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Түүнчлэн нөлөөлөлд өртөж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх олон улсын туршлагын дагуу малчдын амьжиргааг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд шинээр усалгааны системтэй малын тэжээлийн ургамал тарих талбай болон бэлчээрийг бэлтгэх, малчдын тодорхой саналд үндэслэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх, шинээр өвөлжөө хаваржааны газар олгох, шинэ багийн төвийг төлөвлөх зэрэг ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг улсын төсвийн хөрөнгөөр эрх бүхий мэргэжлийн “Ньюгидропроект” ХХК болон “ЭНКО” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу төслийн нөлөөлөлд өртөж буй Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт баг болон Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгаж, батлуулсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, энэхүү төслийн ач холбогдол бол ОХУ-аас 90 хувь хамааралтай байгаа баруун бүсийн эрчим хүчний асуудлыг 100 хувь дотоодоос хангадаг болох юм. Энэ төсөл ашиглалтад орсноор баруун бүс сэргээгдэх эрчим хүч хэрэглэх боломжтой болох юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын цахилгааны өртөг дэлхийн жишгээс 2-3 дахин өндөр байгаа нь нэг дутагдалтай тал нь. Гэхдээ дараа нь хямд эрчим хүч зарах ач холбогдолтойг нь бодон барих ёстой гээд УЦС-ын хөрөнгө оруулалтын зардал, үйлдвэрлэсэн цахилгааны өртөгийн талаар тодруулсан.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УЦС-ын хөрөнгө оруулалтын зардлын хувьд тогтвортой тогтоосон тоо байдаггүй. Дэлхий нийтэд ганцхан тоо бий. Нэг МВт /Мегаватт/-ын өртөг 3.6 сая ам.доллараас дээш болвол эдийн засгийн хувьд өгөөжгүй гэж тооцдог. Түүнээс биш байгаль орчин, тогтоц, урсац, станцын хүчин чадлаас хамаараад нэг МВт-д ногдох зардал ялгаатай байдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд гэрээ хийсэн үнээр 271.6 сая ам.долларт хувааж хувааж үзвэл 2.9 сая ам.доллар гарч байгаа. Олон улсын эдийн засгийн өгөөж боддог тооцоо, аргачлалаар өгөөжтэй гэж гарч байгаа. Үнийн хувьд нэгдүгээрт, УЦС энэ цаг үед байгаа Монгол Улсын эрчим хүчний системийн 90-ээд хувийг үйлдвэрлэдэг хатуу түлшээр ажилладаг технологитой маш сайн зохицож ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм. Хоёрдугаарт, ТЭЗҮ-ээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нэг кВт.ц /киловатт/цаг/-ийн үнэ 5.6 цент гарч байгаа. Үүн дээр дамжуулах, түгээх үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Энэ зардал нь манай улсын хэмжээнд 1.7 цент гэж гарсан. Гэхдээ ямар үнээр хэрэглэгчид хүргэх вэ гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно гэсэн хариулт өгсөн юм.


Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын даргын захирамжаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний тухай төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсгийг байгуулж байгааг дуулгасан.

Тэрбээр, Цар тахлын улмаас хорио цээр хоёр жил үргэлжилж, үүний улмаас эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсан. Инфляц, үнийн өсөлт ч гаарсан. Тээврийн үнэ 5-6 дахин өссөн тохиолдол гарлаа. Цар тахлын эдийн засагт тусгасан сүүдрээс алсарч амжаагүй байхад олон улсын хурцадмал байдлаас үүссэн шатахуун, бараа бүтээгдэхүүний болон валютын ханшийн өсөлт нийгэм, эдийн засагт маш их дарамт учруулж байна. Нийгмийн бухимдал, түүнээс үүдэлтэй жагсаал цуглааны нөхцөл байдлыг бид сайн ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсагчдын санал, хүсэлтийг УИХ-ын Тамгын газар, холбогдох байгууллага хүлээн авсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж байгаа. Ажлын хэсгийн зорилго бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой, мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бодлогын шийдлийг ярилцана.

Үйлдвэржилтийн бодлогын, Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны дарга нар болон МАН-ын бүлгийн дэд даргатай зөвлөлдөөд Төсвийн тодотгол зайлшгүй хийх, төсвийн болоод төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах чиглэл өгсөн. Энэ хүрээнд иргэдээс шилэн данстай холбоотой ирүүлсэн хүсэлтийн дагуу нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендер, худалдан авалтыг зогсоохоор болоод байна. Цаана нь төсөвт өөр бололцоонууд бас байна. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд бусад зардлуудыг хэмнэх, 660 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал зардлыг хэмнэхээр шийдвэрлэсэн боловч өөр бодлогын шийдлүүдийг гаргах шаардлагатай байна. Төсөв, мөнгөний бодлогыг оновчтой уялдуулах чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг байгуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга С.Ганбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэй байгуулсныг албан ёсоор мэдээлж байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2022-04-08 15:43  375