Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 16 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Энэ хуулийн зорилго нь олон улсын хямралт байдлын улмаас үүсэж байгаа гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд хуульд заасан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүнд газрын тосны бүтээгдэхүүн, гурил, махыг хамааруулсан байна. Энэ хуульд заасан бараа, бүтээгдэхүүнийг үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахтай холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурал дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэн шийдвэрлэхээр, Монголбанк, Засгийн газар, Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хуульд заасан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар авах арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкны эх үүсвэрээр олгох; газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох; санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан хуульд заасан бараа, бүтээгдэхүүний импортод шаардлагатай гадаад валютыг ханшийн эрсдэлийг бууруулж импортлогчдод нийлүүлэх бөгөөд банк энэ эх үүсвэрээр ашиг олох зорилгоор арилжаа хийхийг хориглох; гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох; шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтоох; Лондонгийн металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, Засгийн газар хуульд заасан бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх; хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэх; Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах зэрэг, Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх ажлыг зохион байгуулах; газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан, биелэлтийг ханган ажиллах, Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гурил, махны үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтэд хомстол үүсэхээс сэргийлж экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх, тухайн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан, биелэлтийг ханган ажиллах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажээ.

Мөн дугаарт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэлсэн бөгөөд Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглож, 20 сая төгрөгөөс дээш үнийн үнийн дүн хүртэлх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг гаальд мэдүүлснээр Монгол Улсын хилээр гаргаж болох юм байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн ба “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолоор Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын “26, ” гэсний дараа “27, ” гэж нэмжээ.  

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог  олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, цөөнхийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.  

Мөн дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд зарлигаар Монгол Улсаас Израил Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Израил Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарийн Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилжээ.  

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Дүрэм шинэчлэн батлах” тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тогтоолын хавсралтаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийг баталсан байна. Уг дүрмээр Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламжид Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл