Элчин сайд Жон Жэ Нам “Олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх зорилттой байна” гэв

  2018-06-20 13:24  4017

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь ноён Жон Жэ Нам-д баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Жон Жэ Нам нар өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг гишүүд, бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Ноён Жон Жэ Нам Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж буй харилцаагаа ойрын үед Стратегийн түвшнийх болгож шат ахиулах нь чухал байна гэж онцолсныг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр БНСУ, тус улсын Төрийн тэргүүн Мүн Жэ Иний гаргаж буй санаачилга, хүчин чармайлт, гарч буй нааштай үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн бол, Солонгосын хойгт эв найрамдлыг тогтоох, харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархаж байгаагаа ноён Жон Жэ Нам онцоллоо.

Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдээллээ.

          “2019 он манай хоёр орны харилцаанд чухал жил болно. 1219 онд Чингис хаан тухайн үеийн Корёо улстай ах дүүгийн барилдлага тогтоож байсан нь түүх шаштирт тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Энэ түүхэн үйл явдлын 800 жилийн ой болно. 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Эдгээрийг хамтын ажиллагааны шинэ ололт, амжилтаар угтах ёстой” гэж ноён Жон Жэ Нам тэмдэглэв.


Тэрбээр “БНСУ-д Монголоос жилд 150-160 мянган иргэн зорчиж, Монголын 50.000 орчим иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Манай улсад оршин сууж буй гадаадын иргэдийн тоогоор монголчууд америкчуудын дараа хоёрдугаарт ордог. Би томилогдож ирэхээсээ өмнө Сөүл хотод байдаг монгол сургуультай танилцсан. 300 орчим хүүхэд суралцаж байна лээ. Монголчууд хүүхдийнхээ боловсролд онцгой анхаардгийг би тэндээс анзаарч, бахархсан. Ирээдүй хойчийнхоо төлөө ингэж анхаардаг улс орон хөгжил дэвшлийг бүтээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж хэллээ.

Элчин сайд Жон Жэ Нам аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих, үүний тулд агаарын тээврийн салбарт байгаа зарим бэрхшээлийг хөнгөвчлөх саналыг УИХ-ын даргад хандан тавилаа. Тэрбээр “БНСУ-аас Монголд жилд 70.000 орчим хүн жуулчилж байна.  Монголд ирэх хүсэлтэй хүмүүс цаана нь зөндөө бий. Дээрх тоо хэдэн зуун мянгад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл нислэгийн тоо хязгаарлагдмал, тийзний үнэ өндөр байгаа нь саад болдог. Тиймээс ноён УИХ-ын дарга Та энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулж өгнө үү” гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн салбарыг либералчлах хууль, тогтоомжийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэх хүрээнд Таны тавьсан хүсэлт шийдэгдэх боломж бүрдэнэ гэж найдаж байна гэв. “Монголчууд ч гэсэн БНСУ-д зочлох ихээхэн сонирхолтой байдаг. Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд манай иргэд танай улсад визгүй зорчих боломж бүрдвэл Таны нэр Монгол-БНСУ-ын харилцааны түүхэнд тодоор бичигдэж үлдэх болно. Энэ бол шийдэж болох асуудал гэж би бодож байна. Үүнд анхаарлаа хандуулахыг Танаас хүсье” гэж тэрбээр хэлэв.

Түүнчлэн хоёр улсын нийслэл хотуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, илүү гүнзгийрүүлэхэд анхаарч, туслан дэмжихийг хүссэн юм. Тэрбээр 20-иод жилийн өмнө Монгол Улсын нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар, Сөүл хотуудыг ах дүү хотууд болгож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан, мөн ноён Элчин сайдын дурдсан Сөүл дэх монгол сургуулийг анх байгуулах үйл хэрэгт гар бие оролцож байснаа дурсав.

Ноён Элчин сайд Жон Жэ Нам УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарна гэдгээ тэмдэглээд, “Таны санал, хүсэлтийг миний бие нэг ёсны “Гэрийн даалгавар” гэж хүлээн авч байна” гэлээ.

Тэрбээр ирэх жил Монгол Улсад БНСУ-ын санхүүжилтээр Аялал жуулчлалын сургалтын төв байгуулах гэж байгааг мэдээлээд, энэ ажилд хоёр парламентын хүчин чармайлтыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

        Элчин сайд Жон Жэ Нам БНСУ-д зорчих виз олгож буй өнөөгийн байдал, зарим хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулаад, “Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болгохын төлөө ажиллана. Гэхдээ энэ асуудал олон шат дамжлаг дамждаг, амаргүй ажил гэдгийг ойлгоорой. Юуны өмнө олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдэд энэ боломжийг эхний ээлжинд бүрдүүлж өгөх зорилттой байгаа. Энэ талаар ойрын үед сайхан мэдээ дуулгана гэж амлая. Эл асуудыг шийдчихвэл визгүй зорчих боломжид дөхөж очих болно” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Элчин сайдын үйл ажиллагааг парламентын зүгээс байнга дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.06.20


  2018-06-20 13:24  4017