Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2018.01.30/ хуралдаан 10 цаг 34 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ, Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлж баталсантай холбогдуулан иргэдээс 6700 гаруй өргөдөл, гомдол тус Байнгын хороонд ирүүлсэн. Уг асуудалтай холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна гэж Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Батзандан Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж буй энэ үед уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулахыг түр хойшлуулах тухай горимын санал гаргав.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, эргэж буцсан шийдвэрүүдийг Засгийн газар гаргаж байна, эдгээр шийдвэрийн дүнд улсын төсөвт ямар хүндрэл учирж буй талаар тодруулахад Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат хийсэн тайлбартаа, энэ оны хоёрдугаар сарын 10-н гэхэд эцсийн дүн гарна. Урдчилсан тооцоогоор, хуримтлагдсан татварыг эргүүлэн олгоход хүндрэл гарахгүй гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүд, Монгол Улс өрийн дарамтанд орж байх үед нэн хөнгөлттэй зээл авах шаардлагатай тулгарсан. Энэ үед Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ байгуулснаар донор орнуудаас нэн хөнгөлттэй зээл авч, өмнөх өндөр хүүтэй өрийг барагдуулсан. Өнөөдөр эдийн засагт эерэг дүн гарч, Монголбанк 500 гаруй сая ам.долларын валютын нөөцтэй болсон төдийгүй тус сантай зөвшилцсөний дүнд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барих гэж байна. Эдийн засагт өнөөдөр эерэг үзүүлэлт гарснаар татварыг тэглэх боломж нээгдэж байна. Энэ шийдвэр бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг ард иргэддээ ойлгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсэг байгуулах асуудлыг түр хойшлуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.
Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээний нэмэгдэл болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмснийг болиулж хуучин хэвээр нь үлдээхийг хүссэн 6700 гаруй иргэдийнхээ өргөдөлд нааштай хариу өглөө. ӨБХ хувь хүмүүс, Үйлдвэрчний эвлэлүүдээс ирүүлсэн дээрх өргөдлүүдийг судалж үзээд иргэдийн орлого нэмэгдээгүй, эдийн засаг тэлээгүй, ажилгүйдэл өндөр, үнэ ханшийн өнөөгийн байдалд татвар нэмэх нь буруу гэж үзээд хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг эргэн харж хуучин хэвээр нь үлдээх чиглэлээр Засгийн газартай хамтарч ажилласны үр дүнд иргэдийнхээ хүсэлтийг нааштай шийдвэрлэж чадлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.