Цэс

Холбоо барих

Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Цэцийн гишүүнийг томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.25) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Энэ үндсэн дээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д  заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцсэн байна.


Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдсан. Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсоныг Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Мөн Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын дээд шүүхээс ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах тухай саналыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн арван жилийн дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.


Тэрбээр 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аж.


Улсын дээд шүүхийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Х.Баделхан, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, Ж.Батсуурь, Т.Доржханд, Ц.Туваан, Ё.Баатарбилэг, Н.Энхболд нар Байнгын хорооны дарга, асуудал танилцуулсан Улсын дээд шүүхийн шүүгч, мөн нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад 1 жил 4 сар болж байна. Нэр дэвшиж томилогдсон гишүүний нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд дөрвөн удаа, мөн Улсын Их Хурлын даргаас Улсын дээд шүүхэд албан бичиг явуулж байсан ч нэр дэвшүүлээгүй өдий хүрсэн. Тиймээс Шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор саналаа гаргахаар зааж өгсөн. Энэ үндсэн дээр Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж, саналаа ирүүлсэн тул Байнгын хороо уг саналыг хэлэлцээд холбогдох санал, дүгнэлтээ гаргасан гэдгийг хэллээ.


Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа гишүүдийн асуултад, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж дахин явуулахаар шийдвэрлэсэн. Учир нь одоогийн хуулиар нэр дэвшигч нь нийт шүүгчийн олонхын санал авсан байх зохицуулалттай гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин хуралдаан даргалагч уг асуудал нь хуулийн хугацаатай учраас асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагыг харгалзан намын бүлэгт маргаашийг хүртэл завсарлага олгож буйг мэдэгдлээ.   

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан юм.


Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих “Хүүхдийн төлөө сан” байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхэд багачуудыг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 30 дугаар тогтоолоор байгуулагдсан “Хүүхдийн төлөө фонд”-ын санхүүжилтээр улсын хэмжээнд хүүхдийн 68 цэцэрлэг, 10 гаруй эмнэлэг, пионерийн 70 гаруй зуслан, Хуримын ордон, Монголын хүүхдийн ордон, Залуу техникчдийн ордон, Усан бассейн, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, “Бамбарууш” кафе, Хүүхдийн төв номын сан, Хүүхэд, залуучуудын парк, Хүүхдийн шүдний поликлиник зэрэг 200 гаруй барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийгдэж, хүүхдийн эрх, хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс “Хүүхдийн төлөө сан”-г сэргээх асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгож, улмаар ”Сан байгуулахыг дэмжих тухай“ Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор "Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн. Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачлага гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй. Энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгцээ, шаардлага нэн чухал байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд автотээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад зарцуулах талаар өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар автотээврийн сонирхол татсан улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулан худалдан борлуулж байгаа юм. Судалгаанаас үзэхэд улсын бүртгэлийн нийслэлийн 396, орон нутгийн 18 дугаарыг захиалах эрхийг дуудлага худалдаанд үнэ хаялцуулан борлуулсан орлого, дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход “Хүүхдийн төлөө сан”-д жилд 387 сая төгрөгөөс 6 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо судалгаа гарсан байна.


Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Хүүхдийн төлөө сан”-гийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг автотээврийн сонирхол татахуйц улсын дугаарын үнэ хаялцуулах дуудлага худалдаанаас олсон орлого, гадаад улс, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжээс хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон хандив, тусламж, хувь хүн, хуулийн этгээдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж болон хүүхдийн сайн сайхны төлеө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлого, хандиваас бүрдүүлэхээр тодорхойлжээ.

“Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлээр тодорхойлж, уг сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” -ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм.


Хуулийн санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд сангийн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалтыг сайн нягталж тодорхой болгох, гол нь хүүхдийн хөгжлийг дэмжих, боломж олгох, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдийн хөгжилд анхаарах, түүнчлэн хүүхэд хамгааллын үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх нь чухал гэдгийг онцолж байв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Хүүхдийн төлөө сан”-гийн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалтын асуудлыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналыг тусган нарийвчлан зохицуулж, тодорхой болгох боломжтой. Оны өмнөхөн төрийн бус байгууллагаас зохион байгуулсан хүүхдийн төлөө фонд байгуулах арга хэмжээ, хандивын тоглолтын хүрээнд нийтдээ 2 тэрбум 200 сая төгрөг цугларсан, энэ мөнгө дөрвөн банканд байршиж байгаа. Хууль батлагдаж, “Хүүхдийн төлөө сан” албан ёсоор байгуулагдсаны дараа энэ мөнгийг санд төвлөрүүлнэ, төрийн бус байгууллага татан буугдана гэлээ.  

Ингээд Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжиж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

 Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжив

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.  


Монгол Улсын Их Хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 92 дугаар тогтоол баталсан.

Тогтоолд Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай Оюутолгой ордыг ашиглах талаар байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, тус ордын дагалдах нөөцийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлж дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэх зэрэг асуудлыг тусгасан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нэр бүхий гишүүд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Түр хороог Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.


Оюутолгой ордын гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлж ашигтай болгох, Дубайн гэрээг цуцлах асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд идэвхтэй өрнөж, ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж, улмаар талууд хэлэлцээр хийж нэгдсэн шийдэлд хүрэхээр ажиллаж байна. Иймээс үүсээд буй одоогийн нөхцөл байдлын үед асуудалд хувь гишүүний бус улс орны эрх ашгийн үүднээс нэг мөр ойлголттой, нэгдсэн байр суурьтай хандах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын бүтцэд уг асуудлыг хариуцсан Түр хороо байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн байна. 

Тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Г.Амартүвшин нар асуулт асууж тодруулан төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.  

Дэлхийн шуудан холбооны дүрмийн нэмэлт протоколыг соёрхон батлав

Нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 23-ны хуралдаанаараа уг хуулийг төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.


Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгож хөгжүүлэх, түүнчлэн шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 улс гишүүнээр нэгдсэн бөгөөд холбооны төв нь Щвейцарийн Холбооны Улсын Берн хот, Ази-Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Вант Улсын Бангкок хотод байрладаг. Тус холбооны эрх барих дээд байгууллага нь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хурал бөгөөд дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталж, уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.

Манай улс 1963 онд тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэж, 1964 онд Австри Улсын Вена хотноо болсон Их хурлаар хэлэлцэн баталсан Дэлхийн шуудан холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар  2002 онд тус холбооны дүрмийн 3, 4, 5, 6 дугаар, 2006 онд 7 дүгээр, 2011 онд 8 дугаар, 2019 онд 9 дүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар тус тус соёрхон баталсан байна.

Харин 2018 оны есдүгээр сард Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус гуравдугаар Их хурал Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын нийслэл Аддис Абаба хотноо хуралдаж, тус холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг баталжээ. Энэхүү нэмэлт протокол батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг төсөл санаачлагч тодотгов.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.2 хувь нь дэмжсэнээр Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хууль батлагдав. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл