Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хэлэлцээр, гэрээний төслүүдийг зөвшилцөв

  2018-06-20 19:21  437


     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.20) хуралдаан 14 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон юм. Байнгын хорооны дарга О.Содбилэг гадаад томилолттой байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол даргалан хуралдуулав.

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас хоёр хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэл өгсөн юм. Иймээс батлан хамгаалах салбарын энэ хоёр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.

     Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооны ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг тус бүр нэг удаа хуралдаж, хууль хоорондын уялдаа холбоог хангах, төслийн зарим зүйл, заалтыг тодруулж нарийвчлан боловсруулах чиглэлд анхаарч ажиллажээ. Энэ үндсэн дээр ажлын хэсгээс Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 28, дагалдах төслийн талаар нэг саналын томъёолол бэлтгэж санал хурааж шийдвэрлэсэн. Мөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 20, хамт өргөн баригдсан бусад төслүүдийн талаар 2 саналын томъёолол бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр танилцуулав.


     Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хууль батлагдвал хэзээнээс дагаж мөрдөх, хэдий хэмжээний зардал төсөв шаардагдах талаар тодруулсан юм. Гишүүний асуултад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өгсөн хариултдаа, хууль ердийн журмаар хэрэгжинэ, улсын төсөвт ачаалал дарамт учруулахаар хүндрэлтэй асуудал байхгүй. Гэхдээ батлан хамгаалах салбарын төсөв хөрөнгө тун хангалтгүй байгааг гишүүд ойлгож байгаа байх. Одоогоор энэ салбарт тайван цагийн орон тооны хангалт 60-70 хувьтай байгаа гэдгийг хэллээ.


    Ингээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь улсыг батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “Энэ хууль нь батлан хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх бүх шатны төр, засаг, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэн, хуулийн этгээдэд хамаарна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

   Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Орон нутгийн хамгаалалтыг зэвсэгт хүчний үйл ажиллагаа, улсын болон цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулна” гэж, төслийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг “Орон нутгийн байршил, газар зүйн онцлог, хүчин зүйлээс хамаарч энэ хуулийн 9.4-т зааснаас бусад үүрэгтэй томилгоот нэгжийг байгуулж болно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Үүнээс гадна төслийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.


    Дараа нь Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 22 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Үүгээр салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хэлэлцээр, гэрээний төслийг зөвшилцөв

      Байнгын хорооны хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөв.

    Засгийн газраас энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх асуудлын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.


    “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийн хоёрдугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулж төслийн дэмжлэг үзүүлэх аж. Төслийн нийт санхүүжилт 24.25 сая евро бөгөөд үүнээс ХБНГУ-ын Засгийн газар 19.5 сая евро, Монгол Улсын Засгийн газар 13.3 тэрбум төгрөг гаргаж санхүүжүүлэх юм байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад олгох улсын төсвийн зардлыг Монголын талын хөрөнгө оруулалт гэж тооцох аж. 

    “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн эхний шатанд тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчийн өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа, сургалтууд, төслийн хүрээнд баригдах барилгын ажлын зөвлөхийн хяналт, геологийн судалгаа болон зураг зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

  Харин 2 дугаар шатны төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, менежментийн болон бизнес төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутагт хөндлөнгийн дөрвөн томоохон бүс байгуулах, тусгай хамгаалалттай газар нутагт хөрөнгө оруулалт хийх, сүлжээнд зориулсан чадавхийг бэхжүүлэх болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөгджээ.


    Мөн энэ асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, А.Ундраа нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан гишүүн Н.Энхболд, А.Ундраа, Н.Оюундарь, Д.Оюунхорол нар хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа хэлж байр сууриа илэрхийлэв.

    Ингээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

    Дараа нь “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөв.


     Уг төслийн санхүүжилтийн хүрээнд Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан, технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх юм байна.

    Энэ ажлыг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрээр тохиролцсон аж. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх агаад жилийн 2 хувийн хүүтэй, нэн таатай нөхцөлтэйг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа. Мөн уг гэрээний төслийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хэлэлцэж дэмжжээ.

    Ингээд төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нар асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь уг гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-06-20 19:13  437