Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг хуралдлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүд хуралдан санал, дүгнэлтүүдээ нэгтгэсээр байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг өнөөдөр /2019.06.27/ хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал даргалан явууллаа.


Энэ удаагийн хуралдаанд ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар санал, дүгнэлтүүдээ танилцуулсан юм.


Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн санал, дүгнэлтийг ахлагч, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэсгийн санал, дүгнэлтийг ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн санал, дүгнэлтийг ахлагч, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн санал, дүгнэлтийг ахлагч, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн нар танилцуулсан юм.


Санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан ажлын дэд хэсгийн гишүүд асуулт асууж, мэдээлэл солилцов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг гишүүдээс гаргасан саналын хувилбаруудыг боловсруулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчид танилцуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл