Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатарын ШУТИС-ийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үг

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үг

2019.08.28

Эрхэм хүндэт профессор багш, оюутан залуучууд, зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!

Манай орны инженер, технологийн дээд боловсролын хамгийн том байгууллага болох 60 жилийн түүхтэй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шинэ хичээлийн жил, эрдмийн баярын мэнд хүргэе.

Энэ нээлтийн ёслолд оролцож байгаадаа би туйлын баяртай байна.

Энд хуран цугласан Та бүхэнд болон та бүхнээр уламжлан ШУТИС-ийн мянга, мянган багш, ажилтнууд, оюутан сурагчдад шинэ хичээлийн жилийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Залуучууд аа, оюутан Та бүхэн өнөөдөр амьдралынхаа нэгээхэн том зорилгыг биелүүлэхээр зориг шулуудан, их дээд сургуулийн хаалгыг татан орж, оюутан хэмээн эрхэм нэр хүндийг олж авч байна. “Оюутан” гэдэг “Оюунтан” болно гэсэн үг. Оюун ухааны уурхай болно гэсэн үг. Та бүхний хувьд элсэлтийн шалгалтын сэтгэл догдлуулсан хүндхэн үе өнгөрч, “оюунтан”-ы амьдралын жилүүд эхэлж байна. Энэ хэдэн жилийн амжилт зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Амжилттай суралцана гэдэг бол ихээхэн хүч чармайлт, шаргуу хөдөлмөр шаардана гэдгийг санаж яваарай. 10 жилийн өмнө “Монгол Улсыг Оюутолгой хөгжүүлэхгүй ээ, Оюунтай толгой хөгжүүлнэ” гэж хэлж байснаа давтан хэлмээр байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс эх орны бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн барилга, эдийн засаг, эрчим хүч, геологи, уул уурхай, тээвэр, холбоо, хөнгөн хүнсний салбарын үе үеийн мянга мянган төгсөгчид, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэхэд таатай байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн профессор, оюутан залуучууд, хатагтай ноёд оо,

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ эрин үед Монгол Улсын дээд боловсролын салбарыг улам бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ажлыг төрийн өмчийн их, дээд сургуулиудаас эхлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын төр засаг үзэж байна. Ийм арга хэмжээ авах цаг болсон гэж бодож байна. Үүнтэй уялдуулан өөрийн бодол, санаагаа Та бүхэнтэй энэ завшааныг ашиглан хуваалцъя гэж бодож байна.


Нэгдүгээрт, Өнөөдөр дэлхий дахинаа авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй газар авч байна. Үүний тод жишээ бол нэгд, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болсон инновацыг хөгжүүлж, нэвтрүүлэхэд саад болж байгаа авьяастай залуучууд, шаардлагатай ур чадвар эзэмшсэн хүний капиталын дутагдал юм гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Хоёрт, дэлхийн тэргүүлэх компаниуд, тухайлбал Google, Apple зэрэг компаниуд ажилд авахдаа боловсролын зэрэг, диплом гэсэн шалгуур үзүүлэлтээс татгалзаж, тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, мэдлэг чадвар эзэмшсэн авьяаслаг залуучуудыг ажилд авч эхэлж байна.

Өөрөөр хэлбэл, дээд боловсролын диплом, зэрэг, цолны үнэгүйдэл явагдаж эхэлж байна. Гуравт, дэлхийн улс орнууд тухайлбал, хөрш орнууд авьяасыг дэмжих, татах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлээд амжилтад хүрч байна. БНХАУ-ын Засгийн газраас 1000 авьяастан хөтөлбөрийг бий болгож, 55-аас доош насны 1000 шилдэг эрдэмтнээ дэмжих, гадаадын тэргүүлэх их сургуулиудаас 1000 эрдэмтнийг татах, 40-өөс доош насны 1000 залуу эрдэмтнийг дэмжих хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж байна. ОХУ-ын Сбербанкнаас  The Boston Consulting зөвлөх компаниар 280 томоохон компаниудыг хамарсан судалгаа хийлгэж, ОХУ-д хамгийн түгээмэл 5 ажил бол жолооч, худалдагч, багш, хөдөө аж ахуй, санхүү байна гэж тодорхойлоод авьяасын нөөц бий болгох цаг тулгарч байна гэсэн дүгнэлт хийсэн. 1000 хүнд ногдох инженерийн тоогоор хүний нөөцийн чадавхыг үнэлдэг болж байна.

Манай орны хувьд авьяаслаг залуучуудыг дэмжих талаар тодорхой бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Манай их дээд сургуулиуд авьяастай залуучуудыг шилж сонгон авах талаар бодитой ажил хэрэгжүүлж чадахгүй байгаа. Аль болох олон тооны оюутан элсүүлэхийг урьтал болгож байна.

Baby boomer-ийн үе өнгөрч Милленнелийн эрин үе эхэлж байна. Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн 74-80 хувь нь дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн орж байгаа нь дэлхийн дунджаас хэт өндөр (30-50 хувь) байгаа бөгөөд боловсролын системийн тэр дотроо өндөр ур чадвартай дунд, техник мэргэжлийн боловсролтой ажиллах хүч бэлтгэх тэнцвэртэй тогтолцоог алдагдуулж байна.


Хоёрдугаарт, Дээд боловсролын чанарын асуудал тулгамдаж байна. 2018 онд Дэлхийн банкнаас гаргасан “Суралцахуй” гэсэн тайланд олон улсад боловсролын системд өөрчлөлт хийж, багшлахаас илүүтэйгээр суралцахуйд түлхүү анхаарч, сурах үйл ажиллагааг дэмжих, сурах орчныг сайжруулах, сурах үйл явцын талаар их өгөгдлийн сан бий болгох замаар сургалтын чанарыг эрс дээшлүүлэх боломж бий болно гэсэн дүгнэлт хийсэн байна. Бүр 2010 онд хичээл заадаг уламжлалт сургуулийн загвар үеэ өнгөрөөж байгаа тухай Английн соёл судлаач Кен Робинсон, “Одоогийн систем бол түүхийн шал өөр үе шатанд зориулагдаж, бүтээгдэж, хэрэгжүүлж ирсэн систем юм. Тиймээс үүнээс салж цоо шинэ боловсролын бүтцийг бий болгох цаг болжээ” гэж анхааруулсан байдаг.

2012 онд Стэнфордын их сургуулийн захирал Жон Хеннесси “Их сургуульд цунами ойртож байна” гэж хэлж байсан нь дээд боловсролын онлайн сургалтын дүнд гүнзгий өөрчлөлт тулгарч байгааг сануулсан юм. Хиймэл оюун эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэй бэлтгэх явдал бол нийгэмд шаардлагатай чанартай мэргэжилтэн бэлтгэх нэг үндэс болж байна. 

Манай их дээд сургуулиудын сургалтын чанарын асуудал сүүлийн жилүүдэд асар их шүүмжлэл дагуулж байна. Нэгд, их дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт доогуур, дээд боловсролын дипломтой жолооч, худалдагч олширсоор байна. Хоёрт, их дээд сургуулиудын сургалтын арга барил шинэчлэгдэж чадахгүй байна. Гол төлөв доод эрэмбийн ур чадвар олгоход чиглэж байгаа нь сэтгэн бодох, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх дээд эрэмбийн танин мэдэхүйн арга барилыг эзэмшүүлж чадахгүйд хүргэж байна. Мөн сургалтын арга барил хоцрогдсон, агуулгад түшиглэсэн байдлаар лекцийн хичээл давамгайлсан хэлбэрээр явагдаж, оюутан залуучуудад бодитой мэдлэг, ур чадвар олгож чадахгүй байна.

Түүнээс гадна их дээд сургууль төгсөгчид харилцааны соёл эзэмшээгүй, бичгийн соёл тааруу, гадаад хэлний мэдлэг дорой, нийгмийн хариуцлага сул өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны ур чадварыг бүрэн эзэмшиж чадахгүй байгаа нь их дээд сургуулиуд орчин үеийн “зөөлөн ур чадвар”-ыг эзэмшүүлж, төлөвшүүлэх талаар хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой.


Гуравдугаарт, Дэлхийн түвшний их сургуультай болох зорилго тавих цаг болжээ. Дэлхий дахинаа дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зэрэг томоохон асуудалтай тулгарч байна. Ийм нөхцөлд зах зээлийн жам ёсоор их дээд сургуулиудын чансаа тогтоож, эрэмбэлэх тухайлбал, Shanghai Ranking Consultancy компанийн Дэлхийн их сургуулиудын академик эрэмбэ тогтоох (ARWU), Times Higher Education сэтгүүлийн (THE), Quacquarelli Symonds компанийн (QS) зэрэг олон янзын хөтөлбөрүүд бий болж, дэлхийн шилдэг их сургуулиудыг тодруулж шалгаруулдаг болжээ. Нөгөө талаас, дэлхийн улс орнууд их дээд сургуулиудынхаа чанар, чансааг дээшлүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Олон улс орон, ялангуяа хөгжиж буй улс орнууд “Дэлхийн хэмжээний их сургууль” байгуулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.  Ийм их сургуультай болох төрийн бодлогоо улс орон бүр өөр өөрийн нөхцөл байдалд тохирсон арга замаар хэрэгжүүлж байна. Дийлэнх улс оронд “том байх тусмаа илүү сайн үр дүнтэй” гэсэн итгэл үнэмшилд хөтлөгдөн их дээд сургуулиудаа нэгтгэх үйл явц ерээд оны үеэс явагдаж эхэлсэн байна. Түүнээс гадна тэргүүлэх их сургуулиудаа төрийн бодлогоор дэмжих, тусгай хөтөлбөр хэрэгжүүлж санхүүжүүлэх зэрэг олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Зарим жишээг дурдъя.

    Нэгд, ОХУ 2008 онд Москвагийн Инженер Физикийн институт, Москвагийн Ган хайлшийн дээд сургуулийг Үндэсний Судалгааны их сургууль статус олгож эхэлснээс хойш 2010 онд 15 их сургуулийг, 2015 онд 21 их сургуулийг тус тус нэмж судалгааны их сургууль статус олгожээ. Мөн 2009 онд мужийн төв болох том хотуудын их дээд сургуулиудыг нэгтгэн Холбооны 10 их сургууль байгуулсан байна. Эдгээр их сургуулиудад тус бүрд жил бүр 2-15 сая америк долларын санхүүжилтийг 2010 оноос эхлэн үзүүлж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд 10 жилийн дотор QS системээр Москвагийн их сургууль 90 дүгээр байрт орсон бөгөөд эхний 500-д Оросын 15 их сургууль багтсан байна.

    Хоёрт, БНХАУ 1993 онд 100 их сургуулийг дэлхийн түвшинд хүргэх зорилт тавьжээ. 1995 онд 211 гэсэн төслийг хэрэгжүүлж, 1996-2000 онд 2.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. 1998 онд С9 лигийн их сургуулиуд төслийг хэрэгжүүлсэнд өнөөдөр 39  их сургууль багтсан байна. Энэ их сургуулиудад тус бүрд нь 50-300 сая долларын дэмжлэг үзүүлсэн байна. Үүний үр дүнд 2019 оны үзүүлэлтээр Цинхуа их сургууль QS системээр дэлхийд 17, Бээжингийн их сургууль 30 дугаар байрт тус тус оржээ. Түүнээс гадна Шанхай Житанг их сургууль, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургууль эхний 100-д багтсан байна.

    Гурав, Европын холбооны улсууд ч 2000 оноос их дээд сургуулиудаа нэгтгэх замаар тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхийн түвшний их сургуультай болохоор ажиллаж байна. Финлянд, Герман, Унгар, Польш, Норвеги , Дани зэрэг олон улс орнууд их дээд сургуулиудын өөрчлөлт шинэчлэлийг хийж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна.


Манай их сургуулиудын хувьд өнөөдөр дэлхийд өрсөлдөх хэмжээнд ойрын жилүүдэд хүрэх магадлал бага байна. Дэлхийн түвшний судалгааны их сургуулийн гол үзүүлэлт бол авьяасын төвлөрөл бий болгох, манлайллыг дээдэлж, их сургуулийн бие даасан байдлыг хангах, санхүүгийн харгалзах нөөцийг бүрдүүлэх явдал юм. Тэгвэл, манай их сургуулиуд нэгд, авьяасын төвлөрөл бий болгож чадаагүй, хоёрт, удирдлагын оновчтой бүтэц, манлайллыг хэвшүүлж чадаагүй, гуравт, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын хөтөлбөр тэр тусмаа гадаад хэл дээр явагддаг хөтөлбөр одоогоор бий болоогүй байна. Дөрөвт,  судалгаа, шинжилгээ, инновацыг дэмждэг дэд бүтэц бүрэлдэн тогтож чадаагүй байна. Их сургуулиуд дээр тарж байрласан цөөн тооны судалгааны лабораториуд байна. Тавд, манай их сургуулиудын багш нарын 20-30 хувь нь эрдмийн зэрэгтэй байгаа нь судалгааны их сургууль болох үзүүлэлтээс нэлээд доогуур байна.  Харин эрдмийн зэрэгтэй багш нарын 30 гаруй хувь нь гадаадад хамгаалсан залуучууд байгаа нь төрийн тодорхой дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэх боломж байна.

Монгол Улсын дээд боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлийг ШУТИС манлайлж, кредит системийг нэвтрүүлж, хэвшүүлэх, сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бий болгож, нэвтрүүлэх, нээлттэй боловсролын талаар бусад их сургуулиудаа манлайлж, сургалтдаа олон улсын арга технологи, тухайлбал CDIO стандарт нэвтрүүлэх зэрэг олон шинэ санаачилгыг хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэж байна.

ШУТИС-ийн авьяаслаг оюутан залуус, төгсөгчид төрөлх сургуулийнхаа төдийгүй эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж байдаг нь бахархалтай сайхан хэрэг юм. Тухайлбал, тус их сургуулийн төгсөгчид дэлхийд тэргүүлэх МicroSoft, Google, Facebook, Amazon зэрэг компаниудад ажиллаж, тун саяхан тус сургуулийн оюутны баг “ABU Robocon-2019” олон улсын тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн нь үүнийг бэлхнээ харуулж байна.

Өнөөдөр ШУТИС-ийг сонгон суралцаж буй оюутан залуус Та бүхэн ч энэ амжилтын буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна.

Энэ онд ШУТИС-ийн түүхт 60 жилийн ой тохиож байна. Та бүхэн нэгэн жарны хугацаанд 80000 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүдийг төгсгөн гаргаж, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын судалгаа боловсруулалтын ажлыг амжилттай эрхлэн гүйцэтгэж ирсэн бахархалт түүхтэй эрдмийн хамт олон билээ.

Энэ завшааныг ашиглан ШУТИС-ийн нийт профессор багш нар, ажилтнууд, оюутан суралцагчид, үе үеийн ахмадууд, төгсөгчдөд ШУТИС-ийн 60 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, ажил, сурлагын өндөр амжилт хүсэхийн сацуу ШУТИС-д хөгжил, дэвшлийн дээдийг хүсэн ерөөе.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл