УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.11.01) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Хууль зүйн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист донтох байдал ихсэж байгааг дурдаад энэ чиглэлээр судалгаа хийж, судалгааны үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийлжээ. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналуудыг төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй саналыг нэг бүрчлэн хэлэлцэж Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэв.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар худалдан борлуулж буй этгээдүүдтэй хэрхэн тэмцэх, үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төсөлд албадан эмчилгээг 3-6, давтан эмчилгээг 6-12 сар гэсэн байгаа нь хангалттай эсэхийг лавлав. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төслийн зарим нэр томьёотой холбоотой санал хэлж, хүний эрхийг хангах асуудлыг сайтар зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа албадан эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх асуудлыг хэрхэн тусгасан талаар тодруулсан юм.
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг гишүүдийн асуултад хариулахдаа, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэргийн хэмжээнд зохицуулагдсан байгаа. Мөн Засгийн газар, яамны зүгээс уг асуудалд онцгой анхаарч Цагдаагийн ерөнхий газрын даргын шууд удирдлагын дор энэ асуудлыг дагнан хариуцах бие даасан нэгжийг мэргэшсэн 30 гаруй албан хаагчтайгаар байгуулан ажиллуулж байгааг хэллээ. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлууд нэлээд гүйцэтгэгдэж байгаа бөгөөд хил, гааль тэргүүтэй улсын хэмжээнд хууль хүчний бүх байгууллага урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах шаардлага бий гэдгийг хэлэв. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсных бөгөөд үүний зэрэгцээ урьдчилан сэргийлэх, иргэдийг сэрэмжлүүлэх механизмийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэв. ХЗДХЯ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг боловсруулах, холбогдох байгууллагуудаас санал авах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэрбээр хэлсэн. Төсөлд согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум, хорооны нийгмийн ажилтан, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр гаргахаар тусгасан байгааг тайлбарлав. Мөн иргэнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргах зохицуулалтыг тусгажээ. Цагдаагийн байгууллага холбогдох материалыг бүрдүүлж, албадан эмчилгээнд явуулах хүнийг шүүхэд шилжүүлэх бөгөөд уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүхийн онцгой ажиллагааны журмын хүрээнд шийдвэрлэгдэх аж.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь гишүүдийн асуултад хариулахдаа, төсөл дэх зохицуулалт нь сэтгэцийн эмчилгээтэй хамааралгүй, харин өнөөдөр Төв аймгийн Мааньт дахь албадан эмчилгээтэй холбоотой зохицуулалт гэдгийг тайлбарлав. Түүнчлэн Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенци болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орсон. Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид “Энэхүү конвенцийг соёрхон баталсан Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээнэ.” гэж, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож, “...хүмүүжлийн арга хэрэгсэл болгох...” зэрэг зорилгоор ашиглахыг таслан зогсоохоор тус тус заасан. Иймд одоо хэрэгжиж буй хууль дахь албадан хөдөлмөр хийлгэх зохицуулалтыг өөрчилж байгаа гэв. Мөн төсөлд “…Жирэмсэн хүн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 насанд хүрээгүй хүн, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно” гэж заасан байгааг Н.Оюундарь гишүүн нэмж тайлбарлав.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “үйлчилгээний” гэснийг “үйлчилгээ үзүүлэх” гэж, 5.6 дахь хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Засгийн газрын гишүүн” гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн, 7.1 дэх хэсгийн “, тодорхойлолт” гэснийг тус тус хасаж, 7.2 дахь хэсгийн “лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй,” гэснийг “лавлагааг” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төсөл дэх 10.6 дахь хэсгийг 18 дугаар зүйлийн “18.4.Нийгмийн халамж, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллага нь энэ хуулийн 10.5-д заасан албадан эмчлэх эмнэлгээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн хүнийг судалж, эмнэлгээс гарахад нь иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх, ажилд зуучлах, нийгмийн халамжид хамруулах арга хэмжээ авна.” хэмээн 18.4 дэх хэсэг болгон шилжүүлэхийг дэмжлээ. Төслийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтын “төрөлжсөн” гэсний дараа “болон нэгдсэн” гэж нэмж, 12.3 дахь хэсгийг “12.3.Албадан эмчлэх эмнэлгийн байр болон эмнэлгийн үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу батлуулна.” хэмээн өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.