“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 17 дахь дугаарын тойм

  2014-04-28 00:00  312

Эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд хийсэн Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцээд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг”- т даалгажээ.

Үүнд, тухайлбал,Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “0.0” дүнтэй тусгагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжаас 2014 оны төсвийн жилд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтад тусгагдсанаар, Хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтыг үндэслэн, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг энэ тогтоолын хүрээнд боловсруулан, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгах, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр өмнөх онуудын төсвийн тухай хуульд тусгагдан хэрэгжиж эхэлсэн боловч үлдэгдэл санхүүжилт нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй орхигдсон төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг цаашид хэрхэн санхүүжүүлэх саналаа боловсруулж ирүүлэх, Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоолын дагуу дунд хугацаанд хэрэгжих улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулан, холбогдох хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ гэж УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

2014 оны 04 дүгээр сарын 28


  2016-09-22 08:51  312