Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.14) хамтарсан хуралдаан 17 цаг 43 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм.

    Эхлээд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдөр хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.


    Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд бүрэн тусгажээ. Тухайлбал, виртуал хөрөнгийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахгүй байх, шаардлагатай гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу Сэндбокст үйл ажиллагаа явуулж, амжилттай гарсан байх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа Хороонд бүртгүүлсэн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж Хороонд хүргүүлэх, мөн түүнчлэн тухайн үйл ажиллагааны явцад бий болсон цаасан болон цахим баримт бичгийг хүлээн авсан, эсхүл үүсгэсэн өдрөөс хойш 10, түүнээс доошгүй жил хадгалж, хамгаалах шаардлагатай хэмээн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, энэ хуулийн 4.1.4, 7.2-т заасан этгээд, ажилтан нь Хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээллийг саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар шуурхай явуулах нөхцөлөөр хангах зохицуулалтыг төсөлд тусгахаах холбогдох саналын томьёоллыг боловсруулжээ.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх зэрэг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан гэв.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжиж Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт танилцуулахаар бэлтгэсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.


    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-д нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар заасны дагуу Ажлын хэсэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан найруулгын өөрчлөлт хийх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн уг зарчмын зөрүүтэй санал нь агуулга, найруулгын алдаагүй гэж үзсэн байна.

    Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, хариулт авав. Энэхүү хуулийн төслийг баталсны дараа одоо зах зээл дээр худалдаалагдаж буй, хэдийнэ худалдаанд гарсан койнуудад хэрхэн нөлөөлөх талаар болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалтын талаар Г.Амартүвшин гишүүн тодруулж, Н.Учрал гишүүнээс хариулт авав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр буюу 2021 оны арван нэгдүгээр сарын 8-ны өдөр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болон энэ төрлийн үйлчилгээ авч буй иргэдэд сануулга, мэдээлэл өгсөн гэдгийг тэрбээр тэмдэглэж байв. Тухайн үед 8 бирж үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 22 бирж үйл ажиллагаагаа явуулж байгаа, нийт 65 койн худалдаалагдаж байгаа гэх тоон мэдээллийг өгөв. Эдгээрээс 22 нь анхдагч захиалга авсан, 16 нь арилжаалагдаж буй, 27 хүлээгдэж байгаа гэлээ. Анхдагч захиалгын дүн 339 тэрбум төгрөг бол хоёрдогч зах зээлийн арилжааг тооцох боломжгүй ч 7-10 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн гэх таамаг бий гэв. Хуулийн төсөл батлагдан гарснаар виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулахгүй, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдийн үйл ажиллагааг хуульчлан зохицуулах юм гэдгийг Н.Учрал гишүүн хариулт өгөв. Гэхдээ хуулийн төсөл батлагдсанаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлээр арилжаанд орж буй мөнгө нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилготой эсэхэд хяналт тавьж, сэжигтэй тохиолдолд холбогдох талуудад мэдээлэх үүрэгтэй болж байгаа юм байна. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаа явуулж буй биржүүдийг тодорхой шаардлага, шалгуурын дагуу бүртгэлжүүлэх бөгөөд бүртгэлийн шаардлага хангаагүй тохиолдолд бүртгүүлэхгүй байх эрсдэл үүсэх магадлалтай гэв.

    Хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахтай холбоотой зохицуулалтыг тусгаж байгаа гэв. Тодруулбал, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан бол торгох, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулахаар төсөл тусгаад байгаа аж. Харин дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэж, эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалт төсөлд тусгасан гэв.

    Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, төслийн боловсруулалт, хэлэлцүүлэгт эрх ашиг нь хөндөгдөж буй бүх талын оролцоог хангасан эсэхийг тодруулж, хариулт авсан. С.Чинзориг гишүүн, виртуал хөрөнгийн арилжаанд төрөөс хяналт тавиад эхлэхээр койн худалдан авсан, худалдан авах гэж буй хэсэг нь эрсдэл үүсэх магадлал буурч байна гэсэн ойлголт, хүлээлт иргэдэд төрүүлэх вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор биржүүд хуулийн шаардлага хангалгүй бүртгүүлж чадаагүйгээсээ үүдэн санхүүгийн эрсдэлт нөхцөл байдал үүсгээд, үүнийгээ төрийн буруу хэмээн буруутгах вий гэдэг болгоомжлол төрж буйгаа тэрбээр хэлж байв. Иргэд, үйлчилгээ үзүүлэгч хоёрын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд хуулийг буцаан хэрэглэх бололцоо байхгүй гэдгийг Н.Учрал гишүүн тайлбарлалаа.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн.


    Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжиж Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт танилцуулахаар бэлтгэсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Н.Учрал гишүүн гаргав. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжив. Горимын санал ийнхүү дэмжигдсэн тул хууль, тогтоолын дээрх төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжих томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл