Тамгын газрын ажилтнуудад цуврал хэлэлцүүлгүүдийн зохион байгуулалтын асуудлаар чиглэл өгөв

  2019-07-19 08:25  143

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан. 

    Дээрх зөвшилцлийн ажлын хэсэг нь 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эдгээр хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах, зохион байгуулалтын асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад чиглэл өгөх хурал өнөөдөр (2019.07.19) боллоо. 


    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын хүрээнд таван цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулна. Тодруулбал, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдэвт хэлэлцүүлэг 07 дугаар сарын 22-ны Даваа гарагт, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах сэдэвт хэлэлцүүлэг 07 дугаар сарын 23-ны Мягмар гарагт, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах сэдэвт хэлэлцүүлэг 07 дугаар сарын 24-ний Лхагва гарагт тус тус Төрийн ордонд болох юм.  Түүнчлэн 07 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох сэдэвт хэлэлцүүлэг болох бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлын хүрээнд болох хэлэлцүүлэг 07 дугаар сарын 26-ны Баасан гарагт Төрийн ордонд болох юм. 


    Энэхүү цуврал хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох таван цуврал хэлэлцүүлгийн бэлтгэлийг сайтар хангаж, зохион байгуулалтыг өндөр түвшинд хийхтэй холбоотой үүрэг чиглэлийг Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-07-19 19:10  143