УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

  2018-05-11 19:33  441


    УИХ-ын 2018 оны ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.11) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар  Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.

    2017 оны эцэст малын тоо 66.2 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 7.6 хувиар өслөө. Оны эхний 28.2 сая хээлтэгчийн  57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж  15 сая 465.0 мянган төл бойжиж байна. Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар  49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567.0 мянган хурга, 5 сая 951.0 мянган ишгээр өсөж, төл бойжилт 95.0 хувьтай байна. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сүү-ноосны чиглэлийн “Ламын гэгээний улаан” тэмээ, ноолуурын чиглэлийн “Эрчим хар” ямаа, мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонь,  өөх-мах-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Цагаан-Уул” хонийг үүлдрээр тус тус баталгаажуулснаар Монгол Улс  47 үүлдэр, омгийн малтай болов. 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 45.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээс Засгийн газрын 186 дугаар тогтоолоор 700.0 сая төгрөгийг аймгуудын Засаг даргын Тамгын газарт, төсвийн тодотголоор 40.0 тэрбум төгрөгийг малчдын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд, 4.5 тэрбум төгрөгийг аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулан санхүүжүүлсэн. Мөн Улсын онцгой комиссын дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын гурван удаагийн тогтоолоор Улсын нөөцийн 10500 тн өвсийг үнэгүй, 8000 тн тэжээлийг 50 хувь хямдруулах, зарим аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, хүн эмнэлэгт ариутгалын болон үйлчилгээний автомашин 27-г, таван нэр төрлийн малын эм бэлдмэл, ариутгалын бодис, ОБГ-уудад хүнсний зүйл, аймаг бүрт 110.0 сая төгрөг олгоход зориулж нийт 9.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан нь өвлийн хүндрэлийг даван туулахад ач холбогдол үзүүлсэн гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.  


    Мөн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 34 аж ахуйн нэгжтэй бодлогын болон зээлийн гэрээ байгуулж, зээлийн 25 хувь буюу 10.0 тэрбум төгрөгийг дотоод үйл ажиллагааны зардалд зориулж, 75.0 хувь буюу 30.0 тэрбум төгрөгийг импортлогчийн нэхэмжлэхийг үндэслэн олгохоос 27.9 тэрбум төгрөгийг тус тус олгож,  НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлж  ажиллалаа. Үндэсний үйлдвэрт 20.2 мянган тн ноос тушаасан 86.9 мянган малчинд 22.5 тэрбум төгрөг, 3.1 сая ширхэг арьс шир тушаасан 64.2 мянган малчинд  12.7 тэрбум төгрөг олгож нийт 35.2 тэрбум төгрөгөөр малчдыг орлогожуулахын зэрэгцээ үндэсний үйлдвэрүүдийг төдий хэмжээний түүхий эдээр хангав. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг батлуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ноолуурын хөгжил сан”-г байгуулах, 500 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох” зорилт тусгагдсан. Иймд “Ноолуур хөгжлийн сан”-д шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэдгийг Б.Батзориг сайд мэдээлэлдээ онцлов.

    Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт 14 улс, оронтой 39 нэрийн хэлэлцээр, харилцан ойлголцолын санамж бичиг, протокол байгуулж, 19 оронтой 46 нэрийн мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл мэндийн гэрчилгээ, нөхцөлийг харилцан тохиролцсоноор 2017 онд 29.3 мянган тонн мах экспортолсон нь 2016 оныхоос 3.2 дахин их байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 31.5 сая, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 42.1 сая, лабораторийн оношлогоо, шинжилгээнд 529.9 мянга, гоц халдварт өвчний вакцинжуулалтад 47.8 сая толгой малыг хамруулсан аж. Монгол Улсын хэмжээнд 2018 онд шүлхийн 7.2 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөснөөс 4.5 сая тун вакциныг аймгуудад хуваарилан тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэж, гүйцэтгэсэн байна. 

    Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албаны хүмүүс оролцов. Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, М.Билэгт, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс ган, зудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлчээр, ургамалд хор хөнөөл учруулж байгаа үлийн цагаан оготнотой тэмцэх талаар салбарын яамнаас барьж байгаа бодлого, хэрэгжилтийн талаар тодруулж байлаа.


    Ган гачгийн улмаас өвөлжилт хүндэрдэг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтраад үүлэнд зориудаар нөлөөлөх асуудлаар график гарган ажиллахаар болсон. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд төсөвлөсөн хөрөнгө бага байгааг Б.Батзориг сайд хариултдаа онцлов. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  үүлэнд зориудаар нөлөөлөхөд 2018 онд 2200 сум авах төсөв батласныг тодотгохын зэрэгцээ уг үйл ажиллагаанд хэрэглэдэг техник, технологийг шинэчлэх шаардлагатай  учир 2019 оны төсөв хэлэлцэхэд анхаарахыг гишүүдээс хүсэв.

    Засгийн газар, салбарын яамны зүгээс малын эрүүл мэндийг хамгаалахдаа урьдчилан сэргийлэх ажилд үйл ажиллагаагаа чиглүүлээд байна. Иймд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулах шийдвэр гарган  ажиллаж эхэлсэн. Баталсан төсвийн хүрээнд 7,2 сая тун шүлхийн вакцин худалдан авч, ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар 1,6 сая тун вакцин нэмж авахаар болов. Энэ нь нийт малын 15 сая толгой малыг вакцинжуулахад хүрэлцэнэ. Ер нь цаашдаа салбарын яамны зүгээс вакцинаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, үйлдвэрлэж эс чадах вакцинаа нэг улсаас авах бодлого барьж байна гэж ХХААХҮ-ийн сайд хариулж байлаа. Мөн тэрбээр, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулснаар энэ жил 610.0 мянган га бэлчээрийн талбайг эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь ажилд төсвөөс 1.7 тэрбум төгрөг баталсан гэж байлаа. 


     Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад тавьсан асуулгын талаар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа ч, тодорхой үр дүнд хүрэх шаардлагатайг онцлов. Мөн Монгол Улсын малын тоо толгой 66 саяд хүрээд байгаа ч бүх малаа эрүүлжүүлж, мах, махан бүтээгдэхүүнээ экспортонд гарган, үйлдвэрлэгч орон болох, цаашлаад малчдаа тогтмол орлоготой болгоход анхаарч ажиллахыг сануулж байлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Мөн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Батболд, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эмч, багш нар цалин урамшууллаа нэмэгдүүлэх шаардлага тавьж жагсаж эхэлснийг онцлоод Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй байхаар тусгасныг биелүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сонирхож байлаа. 


    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Засгийн газраас татварын бааз сууриа өргөжүүлэх, шинэчлэх,  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн тайланг энгийн болгох, татварын дарамтыг бууруулах бодлого  барьж байгааг онцлохын зэрэгцээ 2019 онд нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж, нэмэгдүүлнэ гэж байлаа. 

    Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа залуусаа төрийн бодлогоор дэмжих шаардлагатайг анхааруулсан бол  УИХ-ын гишүүн Д.Ганболд агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй арга хэмжээ авах эсэхийг  тодруулсан.

    Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуусын олонх нь амьдралын боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүд байдаг. Иймд тэдгээр хүүхдүүдэд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоход жилдээ 20 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа бий. Үүнийг 2019 оны төсөвт суулгахаар салбарын яамны зүгээс судалж байна хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариулж байлаа. 

    2019 оны 05 дугаар сараас эхлэн нийслэл хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, сайжруулсан түлш, нам даралтын зууханд шинэ техник, технологи нэвтрүүлэх туршилтыг эхлүүлэхийн зэрэгцээ хөрсний бохирдлыг бууруулахад гэр хорооллын айлуудын бохирын лагийг соруулах судалгааны ажлаа эрчимжүүлснийг салбарын сайд Н.Цэрэнбат хариултдаа онцлов.


    Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн “Үндсэн чиглэлд туссан гүйцэтгэх ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай. Хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүйгээс үр дүн гардаггүй байдлыг үргэлжлүүлж болохгүй” гэдгийг анхааруулсан бол Д.Сарангэрэл гишүүн “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг ярихдаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбартаа түлхүү анхаарах шаардлагатай байна. МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх амлалтаа биелүүлэхийн төлөө ажилламаар хэрэгтэй” гэж хэлж байлаа. 

    Дараа нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 93,6 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  2018-05-11 19:12  441