Цэс

Холбоо барих

Түр хорооны хуралдаанаар цар тахлын үед Засгийн газар, УОК, банк, санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.05.25) хуралдав. Тус түр хорооны долоо дахь удаагийн хуралдаан 11 цаг 34 минутад эхэлж, Улсын Онцгой Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонслоо.


Шадар сайд С.Амарсайхан: Нийт иргэдийн 72 хувь нь вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна

    Эхлээд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны зургадугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 223 улсыг хамарч, нийт 167.5 сая хүн халдвар авч, 3.4 сая хүн нас барж, 148.5 сая хүн эдгэрсэн болохыг тэрбээр дуулгав. Монгол Улсад уг халдвараар 53.734 хүн өвчилсөн, үүний  46.748 эдгэрч, одоогоор 4243 иргэн клиникт хэвтэн эмчлүүлж буй байгаа гэв. Нийслэлд 3761, орон нутагт 482 иргэн тус тус эмчлүүлж байгаа юм байна.

    Дээрх иргэдийн 2209-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1403 нь хүндэвтэр, 509 нь хүнд, 122 иргэн нэн хүнд байгаа гэлээ. Коронавируст халдварын улмаас нийт 266 иргэн (коронавируст халдвараар 253, бусад хавсарсан шалтгаанаар 13) нас барсан.

    Үргэлжлүүлэн Шадар сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2.067.292 иргэний 1.812.265 иргэн I тунд хамрагдсан нь 88.9 хувь байгаа бол 667.323 иргэн II тунд хамрагдсан байгаа гэдэг мэдээллийг өглөө. Вакцинжуулалт 40.2 хувьтай байгаа гэдэг мэдээллийг өгөөд орон нутаг дахь вакцинжуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

    Нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах 953.058 иргэний 942.157 нь өнөөдөр вакцинд хамрагдсан байгаа бол орон нутаг дахь вакцинд хамрагдах 1.114.234 иргэний 895.716 нь эхний тунгаа хийлгээд байгаа гэлээ. Нийслэлд 614.728 иргэн, орон нутагт 215.483 иргэн вакцины II дахь тунгаа хийлгэсэн мэдээллийг танилцууллаа.

    Вакцинжуулалтын энэхүү дүнг бусад улс орныхтой харьцуулахад нийт иргэдийн 72 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгааг хэлсэн.


    Аймаг орон нутаг дахь вакцинжуулалтын дүн мэдээг тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан. Өнөөдрийн байдлаар Архангай аймагт 52.658 иргэн, Баян-Өлгий аймагт 51.719 иргэн, Баянхонгор аймагт 47.690 иргэн, Булган аймагт 38.215 иргэн, Говь-Алтай аймагт 35.295 иргэн, Говьсүмбэр аймагт 11.608 иргэн, Дархан-Уул аймагт 75.477 иргэн, Дорноговь аймагт 52.916 иргэн, Дорнод аймагт 52.597 иргэн, Дундговь аймагт 22.898 иргэн, Завхан аймагт 42.904 иргэн, Орхон аймагт 73.129 иргэн, Өвөрхангай аймагт 58.817 иргэн, Өмнөговь аймагт 62.245 иргэн, Сүхбаатар аймагт 40.074 иргэн, Сэлэнгэ аймагт 71.502 иргэн, Төв аймагт 54.380 иргэн, Увс аймагт 36.694 иргэн, Ховд аймагт 43.844 иргэн, Хөвсгөл аймагт 67.554 иргэн, Хэнтий аймагт 47.205 иргэн тус тус вакцинд хамрагдсан байна.

    Цаашид Улаанбаатар хотын иргэдийн 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл вакцины бүрэн тунд хамруулах ба зургадугаар сарын 15-ны өдрийн дотор орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод вакцинжуулалтын 58 цэг ажиллаж байгаа гэлээ. Орон нутаг руу вакцины тээвэрлэлт, түгээлт, хангалт, нийлүүлэлт, хадгалалт нь холбогдох горим, журмын дагуу хийгдэж, бүрэн хангалт хийгдэж байгаа гэдэг мэдээллийг С.Амарсайхан сайд танилцууллаа.

    Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар мөн танилцуулсан юм. Улсын хэмжээнд коронавирусын халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5.4 тэрбум төгрөгийн эмийн,  16 нэр төрлийн нийт 32.5 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байгаа гэв. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат (үүнээс зөөврийн 137) ашиглагдаж байна. Үүнд: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд 501 (үүнээс зөөврийн 30),  НЭМГ-ын харьяа байгууллагад 231 (үүнээс зөөврийн 77),  орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад 252 (үүнээс зөөврийн 60) амьсгалын аппарат байна.

    Улсын хэмжээнд ПГУ-ын тодорхойлох оношлуур болон бусад түргэвчилсэн оношлуурын нөөцийн талаарх мэдээлэлдээ  Эрүүл мэндийн яамны нөөцөнд Gene Expert оношлуур 820, хамар залгиурын түргэвчилсэн оношлуур 95.000, шүлсний түргэвчилсэн оношлуур 85.250, ПГУ-ын ялгах оношлуур 119570, шүлсний ПГУ-ын оношлуур 3500 ширхэг нөөцтэй байгаа гэлээ.

    Түр хорооны зургадугаар хуралдаанаар вакцинжуулалтад хэрэглэж байгаа тариурын чанар муу, 20-30 хувь нь ашиглаж болохгүй байгаад хяналт тавьж ажиллах; эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн худалдан авалтад чанартай бүтээгдэхүүн худалдан авахад анхаарах; вакцин хийсний дараа дархлаа хэрхэн тогтож байгаа талаар судалгаа хийж танилцуулах; мутацид орсон коронавируст халдвар (КОВИД-19)-ын талаар судалгаа хийж танилцуулах; хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулж болох, олон улсын туршлагыг судлах гэх зэрэг 11 үүргийн биелэлтийн талаар танилцуулсан.

    Вакцинжуулалтад хэрэглэж байгаа тариурын чанар муу, 20-30 хувь нь ашиглаж болохгүй байгаад хяналт тавьж ажиллах үүргийн биелэлтийг танилцуулсан. Засгийн газрын 2020 оны арван хоёрдугаар 16-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 222 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан. Тус байгууллагаас чиг үүргийн дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуурын хэрэгцээний судалгаа, тооцоог гүйцэтгэж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын хангамж, зохицуулалтыг хариуцан, хяналт тавьж ажиллаж байгаа гэлээ. Энэ хүрээнд шаардлагатай хяналт шалгалтыг хийж, зохих арга хэмжээнүүдийг авч ажилласан байна.

    Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн худалдан авалтад чанартай бүтээгдэхүүн худалдан авахад анхаарах үүргийн биелэлтийн хангахаар олон улсын чанарын стандарт хангасан, зохих гэрчилгээг авсан, үйлдвэрийн баталгаа, үйлдвэрлэгчийн албан ёсны сертификаттай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна. Гэрээний дагуу нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжүүдийг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/28 тоот тушаалаар батлагдсан “Техникийн комисс”-ын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.  

    Вакцин хийсний дараа дархлаа хэрхэн тогтож байгаа талаар судалгаа хийж танилцуулах үүргийг хэрэгжүүлэх чиглэлд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдан 2021-2022 онд хэрэгжих Монгол Улсад нэн шаардлагатай Коронавируст халдвар  /КОВИД-19/-тай холбоотой эмчилгээ, үйлчилгээнд шууд нэвтрүүлэх төслүүдийг хэлэлцэн Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх, ухаан, технологийн үндэсний зөвлөлд хүргүүлсэн гэв. Үүнд, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины дархлаа тогтоцыг судлах судалгаа; Эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн ажилтнуудын дархлал тогтоцын судалгаа; Ахмад настан, суурь өвчтэй хүмүүсийн дархлаа тогтоц тодорхойлох судалгаа; Нийт иргэдийн дунд дархлаа тогтоцын байдлын судалгаа зэргийг тус тус хийж байгаа аж.

    ДЭМБ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн мэдээгээр B.1.1.7 (Их Британи) хувилбар нь ДЭМБ-ын 6 бүсийн улс орон/бүс нутгаас 137 улсад, B.1.351 (Өмнөд Африк) 85 улсад, B.1.1.28.1 (Бразил) 52 улсад тус тус бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотой улс орнууд шинэ хувилбарын вирус бүртгэгдсэн талаар мэдээлсэн улс оронтой нислэгээ зогсоох, зорчигчдын эрүүл мэндийн нягт хянах болон нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Манай орны хувьд гадны улс орноос ирсэн бүх иргэдийг 7 хоног тусгаарлалтад, долоо хоног гэрийн ажиглалтад буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлан (тусгаарлан ажиглах байх болон гэрт) хянах арга хэмжээг авч байгаагийн зэрэгцээ лабораторийн мэргэжилтнүүдийг сургах, бусад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч байна.


    ХӨСҮТ-ийн Вирусологийн лабораторийн гурван вирусологич эмч, судлаач SARS-CoV-2 вирусийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологийг нэвтрүүлэх ажлаар Япон Улсад томилолтоор ажиллаж ирээд бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн SARS CoV-2 шинэ хувилбарын тархалтыг тодорхойлох судалгааны ажлыг эрчимжүүлэх тухай” ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөө батлагдан, судалгааны ажил эхэлсэн. ДЭМБ, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр ХӨСҮТ-д вирусийн бүрэн генийн дараалал тогтоогч (NGS machine) төхөөрөмж бүхий иж бүрэн лаборатори байгуулах ажил эхэлсэн. -70-аас -80 хэмийн гүн хөлдөөгч, Биологийн Аюулгүй Ажилллагааны 2-р зэрэглэлийн кабинет, сиквенси дата боловсруулах өндөр хүчин чадалтай компьютер зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээж аваад байгаа талаарх мэдээллийг мутацид орсон коронавируст халдвар (КОВИД-19)-ын талаар судалгаа хийж танилцуулах үүргийн биелэлтийн хүрээнд Шадар сайд танилцуулсан. ХӨСҮТ-д байгаа уламжлалт сиквенсийн машиныг ашиглан SARS CoV-2 вирусын гадаргуугийн S уургийн генийн хэсэгчилсэн сиквенси хийх оролдлого хийгдэж байна. Англи, Энэтхэг улсад тархсан анхаарал татаж буй хувилбар (VOC) мутацуудыг илрүүлэх, тандах PCR шинжилгээний оношлуурыг захиалан авч хэрэглэж эхлээд байна. PCR шинжилгээний үр дүнг сиквенси шинжилгээгээр баталгаажуулах юм.

    Үргэлжлүүлэн тэрбээр хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулж болох, олон улсын туршлагыг судлах үүргийн биелэлтийг танилцууллаа. Дэлхийн улс орнуудад насанд хүрсэн хүн амаа дархлаажуулахад ашиглаж байгаа хэд хэдэн вакциныг хүүхдэд хэрхэн үйлчлэхийг тогтоох туршилтууд эхэлж, үр дүнгийн талаар урьдчилсан мэдээллүүд гарч байгаа аж. Зарим улс орон хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. Гэвч хүүхдийг вакцинжуулах эсэх асуудлаар улс орнууд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгааг онцоллоо. Монгол Улсад хүүхдийг вакцинд хамруулах эсэх талаар эрдэмтэн, судлаачдыг оролцуулан олон улсад хийгдэж байгаа судалгааг судалж байна гэлээ.

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны зургадугаар хуралдаанаар цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд нийгмийн түншлэгч талуудыг татан оролцуулах үүргийг өгсөн. Энэ хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь суурин зохицуулагчтай хамтран Монгол Улс дахь Ковидын нөхцөл байдлыг цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлэх, иргэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөллийг хянах зорилгоор “КОВИД 19”-ийн үеийн Монгол Улсын нөхцөл байдал” гэсэн цахим хуудсыг ажиллуулж эхлээд байгаа гэлээ. Энэхүү цахим хуудаст олон улсын болон дотоодын халдварын нөхцөл байдлын талаар, эрүүл мэнд, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний талаар, халдварын нөхцөл нь улс орны нийгэм, эдийн засаг, айл өрхийн амьжиргаа, орлого, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшид хэрхэн нөлөөлж байгаа, цар тахлын нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсаас үзүүлсэн тусламж, дэмжлэг, зээлийн талаар гэх зэрэг мэдээллийг багтааж байгаа гэлээ.

    Улсын онцгой комиссоос Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Нэгдсэн Үндэсний байгууллага болон донор орнуудын  байгууллагын зөвлөл сар бүр хуралдах юм байна. Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын бизнесийн зөвлөл, Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл байнгын хамтран ажиллаж байгааг дуулгасан.

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг судлан танилцуулах үүргийн хүрээнд ажиллаж, хуулийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.  

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлийг 47.885 ажлын байрыг хадгалах зорилгоор 2.529 аж ахуйн нэгж, 11.5 мянган иргэнд олгоод байна

    Дараа нь Монголбанкнаас КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжилтийн талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцуулав.

    Монголбанкнаас Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан арга хэмжээг үндсэн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа гэв. Цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүссэн эрсдэлийг бууруулахад иргэд, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад учирч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлж байгаа аж. Макро эдийн засгийн ирээдүйн төлөв, эрсдэл, тодорхой бус байдлыг харгалзан мөнгөний бодлогын цогц арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлсэн байна.  Мөнгөний бодлогын хороо 2020 онд долоон удаа хуралдсан бол 2021 онд ээлжит нэг удаа хуралдаж, бодлогын хүүг таван нэгж хувиар бууруулан жилийн зургаан хувь болгосон нь түүхэн доод хэмжээ юм байна. Төгрөгийн заавал байлгах нөөцийг 4.5 нэгж хувиар бууруулж зургаан хувь болгосон. Эдгээр арга хэмжээний үр дүнд банкны салбарын эх үүсвэрийн зардал буурч, улмаар зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдсэн гэж үзжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар зээлийн дундаж жилийн хүү 15.3 хувьд хүрсэн бол өнгөрсөн оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурчээ. Макро зохистой бодлогын хүрээнд эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийх нөхцөлийг бүрдүүлж, хугацааг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан байна. Төв банкны зүгээс энэхүү арга хэмжээн нь цар тахлын үед хэрэглээний зээлтэй өрхийн санхүүд бодит дэмжлэг болсон хэмээн үзэж байгааг Г.Дөлгөөн захирал онцолж байв.  Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж, тус хэрэгслийн хүрээнд нийт 755 тэрбум төгрөгийн санхүүжилтийг есөн банканд олгосон байна. Энэ оны эхний улирлаас эхлэн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбар болон 200-с доошгүй ажилчидтай бөөний болон жижиглэн худалдааны салбарыг хамруулан хүртээмжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн гэв. Түүнчлэн репо арилжааны эх үүсвэрээс олгосон зээлийн хүүг жилийн 10 хувиар тогтоож, 0.5 нэгж хувиар бууруулсан байна.

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, банкны зээлд бүтцийн өөрчлөлт хийхэд хяналт тавьж ажиллажээ. Банкны хадгаламж, албан журмын даатгалын нөхцөл, иргэн, хуулийн этгээдийн төлбөрийн үүргийг гадаад валютаар гүйцэтгэхгүй байх талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр хэрэгжүүлэх талаар банк, холбогдох байгууллагуудад чиглэл, зөвлөмж хүргүүлснээс гадна цар тахлын үед “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-ыг батлан мөрдүүлж байгаа гэв.  Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэсэн бөгөөд нийт 55,806 хүсэлт хүлээн авснаас 55,728 хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Энэхүү эргэн төлөлт хойшлуулсан зээлийн үлдэгдэл нь 2.9 их наяд төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 80 хувийг бүрдүүлж байгаа юм байна. Энэ оны эхнээс тавдугаар сарын 24-ний өдрийг хооронд 290.7 тэрбум төгрөгийн 6 хувийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ.

    Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр  2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлбөрийн хугацааг хойшлуулсан байна. Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны зургадугаар сараас эхлэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг олгож эхэлснээ үргэлжлүүлж, өнөөдрийн байдлаар алт олбоглогч таван аж ахуйн нэгжийн 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байгаа аж.


    Цар тахлын гамшгийн үед бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойших хугацаанд төлбөр тооцоог бэлэн бусаар хийхэд аливаа хүндрэл үүсээгүй, төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүй байна. Монгол Улсын нийт төлбөрийн систем хэвийн ажиллаж, иргэдийн их, бага дүнтэй болон картын бүх төрлийн гүйлгээ, бүх төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж олголт хэвийн үргэлжилж байгааг дуулгасан. 2021 оны I улирлын байдлаар өдөрт дунджаар 629 мянган ширхэг, 18.2 тэрбум төгрөгийн дүнтэй картын гүйлгээ банк хооронд хийгдэж байсан бол банк хоорондын бага дүнтэй 211.2 мянган ширхэг, 47.2 тэрбум төгрөгийн гүйлгээ, их дүнтэй 4.2 мянган ширхэг, 1.2 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдэж байсан гэв. Мөн 2021 онд хатуу хөл хорионы үед дэмжлэг болгож иргэн бүрд 300,000 төгрөг олгох хүрээнд 3.3 сая ширхэг, 1 их наяд төгрөгийн гүйлгээ, дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 50,000 төгрөг олгох хүрээнд 1.8 сая ширхэг, 88.7 тэрбум төгрөгийн гүйлгээ, тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая хүртэл төгрөг олгох хүрээнд 220.1 мянган ширхэг, 199.1 тэрбум төгрөгийн гүйлгээг тус тус дамжуулсан байна.

    Монголбанк Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл”, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийг  банкны эх үүсвэрээр, Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй олгох арга хэмжээнд Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн чиг үүргийг гүйцэтгэж, дэмжин оролцож байгаа юм.

    Энэ хүрээнд банкуудын санхүүгийн байдалтай уялдуулан эх үүсвэрийн хэмжээг тогтоох, тайлан мэдээ хүлээн авч нэгтгэх, холбогдох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хүлээж байгаа гэлээ. “Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл”-ийн талаар банкуудаас ирүүлсэн мэдээг 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар нэгтгэхэд банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд 1 их наяд төгрөг олгосон байна. Ингэснээр нийт 47.885 ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн дүн мэдээг танилцуулсан. Үүний 60 хувь буюу 2.529 аж ахуйн нэгжид 604.7 тэрбум төгрөгийн зээл, 40 хувь буюу 11.5 мянган иргэнд 404 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

    Эдгээр бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэх, санхүүгийн зуучлал хэвийн горимд шилжих эерэг өөрчлөлт гарч эхэлснийг тоон мэдээлэл, баримтууд илэрхийлж байгааг мэдээллийн төгсгөлд тэмдэглэлээ. Төв банк цаашид Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна. Ингэхдээ Монголбанкны үндсэн зорилтуудад харшлахгүй байхад анхаарч, бодлогын тохиргоог тухай бүр авч ажиллана гэлээ.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан: Коронавирустэй холбоотой даатгалын 5 шинэ үйлчилгээнээс 609.5 сая төгрөгийн хураамж төвлөрсөн

    Хуралдаанд Д.Баярсайхан дарга Санхүүгийн зохицуулах хорооноос цар тахлын үед зохицуулалтын салбарт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулсан. Тус хорооны зүгээс салбарын эрсдэлийг дахин үнэлэх, дотоод нөөц бололцоог дайчлах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэр дундаа цахимжуулахад онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа гэв. Эхлээд тэрбээр хөрөнгийн зах зээлийн талаар танилцуулсан. Монголын хөрөнгийн биржийн арилжаа цахим горимоор хэвийн явагдаж байгаа бөгөөд энэ оны эхнээс тавдугаар сарын 20-ны өдрийн хооронд 616.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн гэв. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.15 дахин өссөн үзүүлэлт аж. Энэхүү өсөлтөд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан 347.7 тэрбум төгрөгийн бондын арилжаа голчлон нөлөөлсөн байна.


    Улсын Их Хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг” ХХК-д түрээсийн орлогоор баталгаажсан буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгосон. 15 жил хүртэл хугацаатай орон сууцны түрээсээр баталгаажсан 34.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 343,580 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэсэн байна.  Арван хоёрдугаар сарын хурлаар “НОСК хоёр” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож тус компанийн 447 иргэнд олгосон түрээслээд өмчлөх орон сууцны зээлийг багцалсан 39.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 2021 оны хоёрдугаар сард бүртгэсэн.

    Бондын зах зээлийн зохицуулалтын орчныг шинэчлэн сайжруулахтай холбоотойгоор хаалттай бондыг арилжаалах зах зээлийн зохицуулалтыг бий болгосон байна. Энэхүү зах зээлийг ил тод болгох чиглэлээр “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг боловсруулж, батлуулсан байна. Ингэснээр компаниудын хувьд хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна гаднын хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой юм байна. Мөн нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдсэн гэлээ.

    Зах зээлийн арилжаанд оролцоход гарах хэлцлийн зардлыг бууруулах, арилжаа хийгдэх шат дамжлагыг багасгах чиглэлээр дэд бүтцийн байгууллагуудад чиглэл өгч, холбогдох дүрэм, журамд орсон өөрчлөлтүүдийг батламжлах ажлууд хийж байна. Үүний үр дүнд анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөрийн шимтгэл тус тус 0.24 хувь байсныг 50 хувиар бууруулж, тус тус 0.12 хувь болгосон.

    Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хүрээнд дараах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогч этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журмуудад санал өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, “МҮЦСК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг, “Үнэт цаас санхүүжилтийн корпораци” ХХК-д хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.

    Санхүүгийн  зохицуулах хорооноос  2020 оны 758  дугаар тогтоолоор “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-д  хоёр биржийн хооронд  иргэн, ААН өөрийн эзэмшлийн хувьцааг чөлөөтэй хөрвүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, дэд бүтцийн шийдэл, оролцогчдын эрх ашиг хамгаалагдах гэрээний харилцааг бий болгосон. Чөлөөтэй хөрвөх нөхцөл бүрдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааг бүртгэж, тухайн компанийн хувьцааг эзэмшиж буй Канад болон Монгол Улсын иргэн, ААН өөрсдийн эзэмшлийн хувьцааг хоёр биржийн хооронд чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах нөхцөлийг бүрдүүлснийг онцлон танилцуулсан.

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олгож, захиалгыг амжилттай зохион байгуулж, нийт 973 хөрөнгө оруулагчдаас 347.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

    Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан дарга даатгалын зах зээлийн талаарх мэдээллийг танилцуулав. Коронавирустэй холбогдох даатгалын таван шинэ бүтээгдэхүүн тус хороонд бүртгэгдэж, зах зээлд нэвтэрсэн бөгөөд нийт 17.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий даатгалд 14758 иргэн, албан хаагч (богино хугацааны үнэ төлбөргүй даатгалд хамрагдсан 84.0 мянга орчим иргэнийг оруулаагүй дүн) хамрагдаж, 609.5 сая төгрөгийн даатгалын хураамж төвлөрсөн ба 181 даатгалын тохиолдолд 207.7 сая төгрөгийн нөхөн төлбөр олгогдсон байна. Анх КОВИД-19 цар тахлаас сэргийлэх хүрээнд компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ бүтээгдэхүүнүүдийг санал болгож байсан бол энэ оноос эхлээд арилжааны даатгалын тухайлсан бүтээгдэхүүн болсон нь даатгалын нөхөн төлбөрийг олгоход нөлөөлсөн гэж СЗХороо үзэж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар “Нэйшнл лайф даатгал” ХХК, “Мандал даатгал” ХК, “Ард даатгал” ХК, “Миг даатгал” ХХК КОВИД-19 цар тахалтай холбоотой даатгалын бүтээгдэхүүн гаргасан байна.

    Хорооны 2021 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн шинэчилсэн найруулгад бүртгэл, зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах зохицуулалтуудыг тусгасан. Ингэснээр байгууллагуудаас ирүүлсэн бүртгэл, зөвшөөрлийн хүсэлтүүдийг цахимаар шийдвэрлэн ажиллаж байгаа аж. Даатгалын компаниуд даатгалын нөхөн төлбөрийн материалыг цахимаар бүрдүүлэн авах болон  даатгалын гэрээ байгуулахдаа цахимаар болон аливаа дэвшилтэд технологи ашиглах болжээ.

    Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор үүсэн нөхцөл байдлын үед буюу 2020 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд даатгалын компанийн хувьд нийтдээ 21,906 даатгалын тохиолдол бүртгэж, 17,605 тохиолдлын 14,449.3 caя төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бол одоогоор 4,231 даатгалын тохиолдол шийдвэрлэгдээгүй байна. Урт хугацааны даатгагчийн хувьд 617 тохиолдолд 346.6 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бол ердийн даатгалын компаниудын хувьд дээрх хугацаанд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын 7,445 тохиолдол бүртгэгдэжээ.  

    Цар тахалтай холбогдуулан эдийн засгийн байдал хүндэрч, иргэд аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбогдуулан иргэдийг чанаргүй зээлийн ангилалд шилжүүлэхээс урьдчилан сэргийлж ББСБ-уудад мөрдөгдөж буй “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д нийт гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар зээлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй активын хэмжээ 14.3 хувь байснаас 26 хувь болж 164.8 тэрбум төгрөгийн зээлийн ангилал огцом буурах байсан тул салбарын эрсдэлийг бууруулах, зээлдэгчдийн зээлийн ангилал муудахаас сэргийлсэн чухал бодлогын шийдвэр болсон. Нөгөө талдаа зээлдэгчид ирэх дарамт, тэдгээрийн ангилал буурах эрсдэлээс холбогдох хуулийн хүрээнд сэргийлж, хойшлуулсан байна.

    Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд цар тахалтай холбогдуулан ББСБ-уудын зээлийн эргэн төлөлт удааширч, үйл ажиллагаа нь доголдож хүндрэл үүссэнтэй холбогдуулан ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг 2022-2023 он хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн.

    Зээлийн батлан даалтын сан нь 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл” зориулалтаар 77 зээлдэгчийн 21.6 тэрбум төгрөгийн зээлд 10.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.

    Санхүүгийн зохицуулах хороо бүхий л үйл ажиллагаагаа цахимжуулсан, мөн /http://www.frc.mn/i/Feedback/-аар болон 51-262608, 51-261275 дугаарын утсаар иргэдээс салбарын зохицуулалттай холбоотой санал, гомдлыг байнга авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаагаа дуулгав. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал, хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулахад хүндрэлтэй байдал үүссэн тул нэг дор олон хүн цуглуулахгүйгээр хурлыг цахим хэрэгсэл, зайны технологийг ашиглан зохион байгуулах чиглэлийг Хорооноос өгснөөр хувьцаат компани, хадгаламж, зээлийн хоршоод хэлэлцвэл зохих асуудлуудаа бүрэн шийдвэрлэж байна. 2021.05.20-ны өдрийн байдлаар 111 хувьцаат компани, 95 хадгаламж, зээлийн хоршоод бүх гишүүдийн хурлаа хийснээс нийт 206 байгууллагын 133 нь буюу 64.5 хувь цахимаар хуралдсан байна.


    Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл, хариулт авав. Цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгааг М.Оюунчимэг гишүүн анхааруулж, эдийн засгаа дэмжиж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа ч холбогдох дүрэм, журмыг сахиулах, халдварын тархалтыг зогсоох чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулж хариулт авсан. Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс цар тахлын нөлөөллийг бууруулах, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр бодлого, шийдвэрүүдийг шуурхай гарган, авч хэрэгжүүлж байхад тэдгээрийн хүртээмжийн талаар иргэдээс олон тооны гомдол ирж байгааг сануулж байв. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь банкуудын үйл ажиллагааг дэмжих биш, харин иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр ашгаа өгөх ёстой гэдгийг хэлж, 3 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг ил тод болгохтой холбоотой саналыг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийг вакцинжуулахтай холбоотой асуудлаар, PSR шинжилгээний хүчинтэй хугацааны талаар тодруулга хийж, цар тахлын улмаас хүний эрхийн тодорхой зөрчил үүссэн эсэх талаар байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкнаас бодлогын хүүг жилийн 6 хувь болгосон, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг 4.5 нэгж хувиар бууруулж 6 хувь болгосон, макро зохистой бодлогын хүрээнд эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан гэх зэрэг улс орны эдийн засагт бодит дэмжлэг болохуйц арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Эдгээр арга хэмжээний үр дүнгийн талаар, банкуудын өнөөгийн нөхцөл байдлын талаар тодруулж, хариулт авсан юм. Монголд банкны бус санхүүгийн зах зээл дэх банкны бус салбарын эзлэх хувийн жин 17.5 хувь болж, түүхэн дээд хэмжээнд хүрээд байгааг Б.Баттөмөр гишүүн онцлоод энэ эрчээрээ ажиллах юм бол оны эцэст энэ хэвээр байх юм бол Монгол Улсын амьдралд, эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарна гэдэг хүлээлт байгааг тэмдэглэж байв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен вакцинжуулалтын талаар, мөн цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын урамшуулал, томилолтын зардлын талаар тодруулж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан.


    Ийнхүү Түр хорооны гишүүд дээрх байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэллээ. Улсын хэмжээнд вакцинжуулалтын явц сайн байгаа хэдий ч халдварын тохиолдол, түүнээс үүдсэн нас баралт буурахгүй байгааг тэмдэглэж, Түр хорооны өнөөдрийн хуралдаанаас Засгийн газар, Улсын онцгой комисс болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хэд хэдэн үүрэг өгөв.

    Цар тахлын нөхцөл байдал тогтворжих болоогүй, өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн талаар судалгаа хийх, шаардлагатай бол төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; иргэдийн хөл хөдөлгөөний хяналт, халдвар хамгааллын дэглэмийг боловсронгуй болгох; Улсын онцгой комисс болон аймаг, орон нутгийн онцгой комисс хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах; Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үеийн арга хэмжээг нарийвчлан зохицуулах; Түр хорооны гишүүдийг сар бүр банк, санхүүгийн салбарын мэдээллээр хангах; “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар дараагийн хуралдаанд танилцуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.

    Цар тахалтай тэмцэж буй улс орнуудын туршлагыг судалж, Монгол Улсад тохирох туршлагуудыг нэвтрүүлэх шаардлага бий гэдгийг Б.Баттөмөр гишүүн төгсгөлд нь хэлж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл