Инфографик: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

  2021-03-17 09:18  158

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

    Гадаадын иргэний эрх зүйн байдын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиар дараах зарчмын асуудлуудыг зохицуулсан.


    Үүнд:- Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох болон цахим визний асуудлыг нарийвчлан тусгах мөн визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгалаа. 

    -Хуульд визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэснээр визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх, нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. 

    -Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг хуульд шинээр тусгаж, үүрэгжүүлсэн.


    -Олон улсад болон тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн визийн төвийг ажиллуулах талаар хуульд нэмж тусгасан бөгөөд энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, гадаад улсад суугаа монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг сайжруулах, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн визийн төвийг байгуулах, ажиллах журмыг Засгийн газар, байрлах улс, хотыг Гадаадын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж ажиллахаар хуульд тусгалаа.

    -Гадаад улс орнуудын жишгийг харгалзан холбогдох шаардлага хангасан гадаадын зарим орны жуулчлах зорилготой “зарим улсын харьяат иргэд” нь Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын (туроператор) шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэл хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгох зохицуулалтыг хуульд тусгалаа.  


    -Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг “90 хоног” гэж заасан нь бусад улс орнуудтай харьцуулахад хэт богино бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал жуулчлал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаадын иргэдийн хувьд улсын хилээр орж ирэхээс өмнө визийн хүчинтэй хугацаа дуусах зэрэг хүндрэл учруулдаг тул визийн хүчинтэй хугацааг олон улсын жишигт нийцүүлэн “90 хоног” гэснийг “150 хоног” болгон өөрчилсөн. Визийн хүчинтэй хугацаа нь визийн байх хугацаанаас ялгаатай ойлголт бөгөөд тухайн визийг авсан өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа бөгөөд энэ хугацааны дотор улсын хилээр орсон байх бөгөөд Монгол Улсад байх хугацааг хөндөөгүй.

- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын виз нь орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай байхаар заасан бөгөөд удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол Улсаас гарах бүрдээ дахин “гарах-орох” зориулалтын визийг авч байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байсан бөгөөд Олон улсын иргэний агаарын тээврийн Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтад гишүүн улс орнууд оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг “гарах-орох” виз олгохоос татгалзах талаар зөвлөмжийн хүрээнд “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халах зохицуулалтыг тусгасан.


    -Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор бүртгүүлдэг байсныг өөрчилж хилийн боомтоор орж ирэхэд гадаадын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдлөөр бүртгэх, гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахимаар бүртгүүлдэг байхаар үүрэгжүүлж, оршин суугч гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох зэрэг гадаадын иргэний бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх талаарх зохицуулалтуудыг тусгалаа.

    -Гадаадын иргэний асуудлаар үүрэг хүлээж буй төрийн байгууллагууд өөр өөр мэдээллийн сан ашиглах, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа нь хангалттай хэмжээнд явагдаж чадахгүй байгаагаас Монгол Улсад орох эрхгүй этгээдэд хилийн чанадад суугаа ДТГ-ууд виз олгох, виз олгож болох этгээд мөн эсэхийг мэдэхийн тулд төрийн байгууллагуудын хооронд бичиг цаас солилцох замаар харилцаж байгаа нь зохих хүндрэл үүсгэж байгаа тул энэ талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийн нэгдсэн нэг сан ашиглах, уг санд мэдээлэл нийлүүлэх, солилцох, ашиглах талаарх зохицуулалт, мөн дээрх сангууд нь төрийн өмч байхаар хуульд тусгалаа. Ингэснээр гадаадын иргэдэд тавих хяналт сайжрахын зэрэгцээ, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хурдан шуурхай, үр дүнтэй болох юм.

    -Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд албадан гаргахаас чөлөөлдөг байх, зөрчил гаргасан гадаадын иргэнийг гэр бүлийн болон хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүний наймааны хохирогч болсон болон эрүүл мэнд зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас албадан гаргахаас чөлөөлдөг байх зохицуулалтыг хуульд тусгалаа. 


    -Нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн этгээдийг улсын хилээр оруулахгүй байх, дээрх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах талаарх зохицуулалтыг тусгасан.

    -Визийн нөхцөл уян хатан болж байгаатай холбоотойгоор үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдэд тавих хяналтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүй зөвлөлийн 2178, 2396 дугаар тогтоолоор гишүүн орнуудад Зорчигчийн урьдчилсан мэдээллийг (API) хүлээн авах, анализ хийх, холбогдох төрийн болон олон улсын мэдээллийн санг бүрэн ашиглах, арилжааны агаарын тээвэр ашиглаж буй гадаадын террористуудын талаарх мэдээллийг олон улс хооронд солилцож байхаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор агаарын тээврийн зорчигчийн мэдээллийг урьдчилан хүлээн авч, төрийн эрх бүхий байгууллагууд мэдээлэл солилцон, анализ хийх замаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тогтолцооны эрх зүйн үндсийг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусгалаа. 

    -Хуулийн хамт дагалдан гарсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд Дипломат төлөөлөгчийн газраас гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үзүүлэх үйлчилгээний хураамжийг гадаад улсын мөнгөн тэмдэгтээр тооцох асуудлыг тусгасан.

    Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай болж улмаар гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын иргэний виз, бүртгэлийн тогтолцоо боловсронгуй болж, олон улсын жишигт нийцэхийн хэрэгцээ, гадаадын иргэдэд хяналт тавих механизм сайжрах ач холбогдолтой. 

 Улсын Их Хурлын Тамгын газар



  2021-03-17 09:18  158