Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ

  2020-07-09 19:29  177


Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүлэв.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори ирүүлсэн баярын мэндчилгээндээ ”Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой холбогдуулан Төлөөлөгчдийн танхимыг төлөөлөн чин сэтгэлээсээ баяр хүргэе. Миний бие Төлөөлөгчдийн танхимын даргын хувиар Эрхэмсэг ноён Тантай хоёр орны болоод хоёр орны Парламент хоорондын найрамдалт харилцааг улам бүр хөгжүүлэн цэцэглүүлэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллах болно” гэсэн бол Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико “Цаашид Япон, Монголын парламент хоорондын харилцааг өргөжүүлснээр хоёр орны харилцаа улам бүр хөгжин цэцэглэнэ хэмээн найдаж байна. Эрхэмсэг ноён Танд ажлын өндөр амжилт, танай сайхан оронд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен “Манай хоёр улсын парламентын харилцаа нэгдмэл үнэт зүйлс, зарчмуудад суурилан амжилттай урагшилж ирсэн бөгөөд цаашид ч энэхүү хамтын ажиллагаа тууштай өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Коронавирусийн хямралыг даван туулж, олон улсын хамтын ажиллагаа эргээд хэвийн болмогц Тантай хоёр талын болон олон талт харилцааны хүрээнд уулзаж ярилцана гэдэгт найдаж байна. Таны нэн хариуцлагатай албанд өндөр амжилт хүсье” гэсэн байна.


  2020-07-09 19:29  177