УИХ-ын Тамгын газрын ажилтнууд төрийн одон, медалиар шагнууллаа

  2019-12-30 08:33  945

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 33.1.7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагнахаар шийдвэрлэжээ. 


    Монгол Улсын Их Хурлын дарга өнөөдөр (2019.12.30) дээрх зарлигийн дагуу шагнуулж буй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад төрийн одон, медалийг гардууллаа. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх М.Батболд, Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн референт М.Элбэгдорж, Ц.Энх-Амгалан, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн иргэдийг хүлээн авах байрны ажилтан Д.Уртнасан, тус хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн дэвтэрлэгч Э.Эрдэнэчимэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны ахлах референт Х.Ариун-Эрдэнэ нарыг Алтан гадас одонгоор шагнажээ. 

    Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн шинжээч Б.Ариунаа, тус хэлтсийн Архивын эрхлэгч Т.Дэмбэрэлням, шинжээч О.Ренчинмядаг, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч П.Мядагмаа нарыг эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гардуулж, баяр хүргэлээ.

    Шагнал гардуулахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга З.Нямцогт, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Элбэгзаяа  нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-12-30 14:43  945