“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 16 дугаарын тойм

  2019-04-19 14:19  320


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Улсын ерөнхий прокурорыг томилох тухай, Албан тушаалаас чөлөөлөх тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Дээрх зарлигаар Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсан байна.

Мөн зарлигаар Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн  үр дагаварт үнэлгээ хийж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.

Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжих арга хэмжээ авахыг чиглэл болгосон байна.

Мөн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 5, 6, 7, 8, 9 дүгээр тогтоолуудыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолуудаар “Төрийн албан хаагчид шагнал олгох журам”, ““Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт”, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”,  “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”, “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”-уудыг хавсралтаар баталсан бөгөөд тогтоолуудыг, хавсралтуудын хамт “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2019-04-22 14:19  320