Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов

  2017-12-20 12:11  366


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төсөл нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томьёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялгаж “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөх зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ. Түүнчлэн итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, түүний бие даасан, хараат бус байдлыг хангах үүднээс асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллуулах зарчмын зөрүүтэй санал анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.    


Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “стандартчилал, хэмжил зүйн асуудал,” гэсний дараа “тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал,”  гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн мөн 72.7 хувь нь дэмжлээ. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулжээ.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэд хоногийн өмнө баталсан. Хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны эхнээс дагаж мөрдөхөөр хуульчлаад байгаа. Харин гишүүдийн өргөн барьсан Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр тусгагдсан учраас уг хуулийн төсөлтэй холбогдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсныг дурдав.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээл шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч хамаарахгүй гэж заасан байдаг. Харин хуулийн өөрчлөлтөөр энэ итгэлцүүрт хамаарах албан тушаалтны жагсаалтад “Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч” гэж нэмэхээр тусгажээ.  

Зарчмын зөрүүтэй энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд цалингийн итгэлцүүрийн асуудлыг зарим албан тушаалтныг нэр зааж онцлохгүйгээр “төрийн өндөр албан тушаалтан” гэж нэгдсэн байдлаар авч үздэг байж болохгүй юу гэдгийг тодруулахад Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Энэ асуудлыг нэгдсэн зохицуулалтад оруулах талаар Байнгын хороо анхаарч, судалж үзнэ” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжив.


Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналынхаа үндэслэлийг тайлбарласан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20.8.4 дэх хэсэгт “төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа” гэж заасан атал хуулийн төсөлд “төрийн мөнгөний бодлгого, банк” гэснийг хасахаар тусгасан нь зарчмын хувьд байж боломгүй асуудал гэж үзэж байгаа учраас хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах санал гаргаж буйгаа тэрбээр хэллээ.

Ингээд гишүүний саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн юм. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


  2017-12-20 12:11  366