Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын нэгдсэн хуралдаан дөрөвдүгээр сэдэв буюу “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр үргэлжиллээ.
Энэхүү сэдвийн хүрээнд нэгдүгээрт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх, хоёрдугаарт баг, хороо тосгоны Засаг даргыг томилох асуудлыг хөндсөн юм.
Хуралдааныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат даргалж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Гүнбилэг нарын экспертүүд оролцогчдын асуултад хариуллаа.
“Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр хэсгийн хэлэлцүүлэг өрнүүлснээр гарсан ижил төсөөтэй саналуудыг нэгтгэн, бие даасан 19 асуудал тодорхойлсон байна.
Эхлээд 31, 16, 48, 2, 42, 43, 45, 1, 35 дугаар хэсгүүдээс гарсан “Аймаг, дүүргийн засаг даргыг дээрээс томилж, сум, баг, хорооны засаг даргыг иргэд өөрсдөө сонгон намын харьяалалгүй болговол ямар вэ, сонгогдсон засаг даргад хэн хариуцлага тооцох вэ, хангалтгүй ажилласан бол огцруулах асуудлыг хуульчилж болох уу, ямар шалгуураар сонгодог вэ” гэсэн асуултад экспертүүд хариулт өглөө.
Тухайлбал, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Энд нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлага гэсэн хоёр асуудал байна. Хэрвээ аймаг, дүүргийн засаг даргыг дээрээс томилж, тухайн ИТХ-аас санал авахгүй бол хосолмол зарчим алдагдана. Мөн сум, баг, хорооны засаг даргыг дээрээс ямар нэгэн нөлөөгүйгээр иргэд шууд өөрсдөө сонгоод, баталгаажуулахгүйгээр явах тохиолдолд төрийн удирдлага, өөрөө удирдах ёсны хослуулах зарчим алдагдана. Энэ зарчим яагаад үйлчилдэг вэ гэвэл төрөөс, Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргахад түүнийг хэрэгжүүлдэг, гэхдээ иргэдийн танил болоогүй, тухайн орон нутгийн асуудлыг мэдэхгүй хүн сонгогдвол аль алиных нь оролцоог хангах ёстой гэсэн зарчмыг Үндсэн хуульд хуульчилсан байдаг” хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Засаг даргаар сонгогдоход тодорхой шалгууртай. Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ажлын туршлагатай байх гэсэн шалгуур байдаг. Энэ асуудалд багийн засаг дарга ах дүү олонтой, цөөхөн хүний хүрээнд сонгогдоод, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашигт захирагдахгүй байна гэдэг агуулгаас нь хандаж байгаа юм. Эргүүлж татахын тухайд Үндсэн хуулиар зааж болохгүй байх. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд огцруулах асуудлыг тодорхой тусгаж болно. Одоо байгаа хуульд хууль зөрчсөн бол огцруулна гэж байдаг. Цаашдаа ард иргэдийн тодорхой саналын үндсэн дээр огцруулдаг бусад хэлбэрийг тусгаж болно” гэлээ.
44, 41, 8, 46 дугаар хэсгээс гарсан “Баг, хорооны засаг даргыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар томилж болох уу” гэсэн асуултад Д.Тогтохсүрэн гишүүн “Томилгооны зарчимд сонгон шалгаруулалтыг оруулж болно. Ер нь цаашдаа боловсон хүчний нөөц хангалттай болсон нөхцөлд боловсрол, ажлын туршлага гэсэн олон шаардлага тавиад, сонгон шалгаруулаад, тэнцсэн хүмүүсээс сум, дүүргийн засаг дарга сонголт хийж томилдог зарчим руу явах нь зөв байх гэж бодож байна” гэсэн хариулт өгөв.
Харин 15, 7, 38, 49, 11, 23, 4 дүгээр хэсгээс “Аймгийн төвийг хотын статустай болгосноор газар нутгийн маргаантай асуудлыг арилгаж чадах уу”, 40 дүгээр хэсгээс “Сум, багийн засаг даргын сонгуульд төрөл садан, намын харъяалал нөлөөлдгийг яаж болиулах вэ”, 19 дүгээр хэсгээс “Хүн ам цөөтэй аймаг, сумыг хооронд нь нэгтгэж, олон хүн амтай дүүрэг, хороог хувааж болох уу”, 18 дугаар хэсгээс “УИХ засаг захиргааны нэгжийг дангаараа өөрчилж болох уу”, 9, 21, 17 дугаар хэсгээс “Дархан-уул, Орхон аймгийг хот болгосноор үр дүн нь бодит амьдралд яаж гарах вэ”, 36, 3 дугаар хэсгээс “Аймаг, сумдыг нэгтгэх бол гол шалтгаан нь юу вэ, нэгтгэснээр эрсдэл, үр дагавар нь юу байх вэ”, 30, 47 дугаар хэсгээс “Засаг даргыг намын харъяалал гэхгүйгээр жил бүр ажлын тайланг нь үндэслэж, огцруулах, сунгах шийдвэр гаргаж болох уу” гэсэн асуултууд тавьсан.
Эдгээр асуултуудад экспертүүд оролцогчдыг тэнцвэртэй мэдээллээр хангах зорилгоор өөр өөрийн байр сууринаас тодорхой хариулт өгсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.