“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 35 дугаарын тойм

  2019-09-09 10:24  60


Эмхэтгэлийн 35 дахь дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол нийтлэгджээ. Энэхүү тогтоолоор Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийн зорилго нь залуучуудын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах таатай орчинг бүрдүүлэх замаар эх оронч үзэлтэй, тусгаар тогтнол, түүх, хэл, өв соёлоороо бахархдаг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, өөрийн, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарладаг өрсөлдөх чадвартай иргэн болоход нь дэмжлэг үзүүлэхэд оршиж буй аж.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална хэмээн тусгажээ.

·      Залуучуудыг эх орныхоо өнөө ба ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй нийгмийн бүлэг гэж үзэх;

·  залуучууд нас, хүйс, арьс өнгө, боловсрол, иргэний харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, илэрхийлэл, оюун ухаан, бие махбодын чадвараар ялгаварлан гадуурхагдахаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалахад төрийн бодлогыг чиглүүлэх;

·    залуучуудыг нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш боломжоор хангаж, тэдний амьдралд нөлөө үзүүлэх аливаа бодлого, шийдвэр гаргах, төлөвлөн хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд оролцоог нь хангах;

·    хөтөлбөрийн хэрэгжилтийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн зорилтууд болон “Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдуулах;
хөтөлбөрийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь хууль тогтоомжийн хүрээнд салбар хоорондын уялдааг хангасан, судалгаа, баримтад үндэслэсэн, залуучуудын бодит хэрэгцээ, шилдэг туршлагад тулгуурлах юм байна.

Мөн дугаарт Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд “Газрын тосны бүртгэл, тооцооны журам”-ыг тогтоолын хавсралтаар баталсан юм.

Энэ журмын зорилго нь Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газрын тостой холбогдсон үйл ажиллагааг бүртгэх, тооцох, тайлагнах арга зүйг тодорхойлох, зохицуулахад оршиж буй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хамаарах аж.

Өртөг нөхөгдөх зардал, өртөг нөхөгдөх зардалд үл тооцох журам, үндсэн хөрөнгө, бараа материал, ажил, үйлчилгээг худалдах, худалдан авах, бусдад борлуулах, шилжүүлэх, тооллого хийх, актлахтай холбоотой харилцаа, газрын тосны хуваалтын тооцоог хийх, газрын тосны тухай хуулийн дагуу төлөх төлбөр, урамшуулал,  үйлчилгээний хөлсийг төлөх хугацаа, бүртгэл, тайлантай холбоотой харилцааг журмаар хэрхэн зохицуулсан талаарх мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2019-09-10 10:24  60