Цэс

Холбоо барих

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.20) үдээс хойших хуралдаан 15 цаг 17 минутад эхэлж, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл/-үүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дээрх төслийн анхны хэлэлцүүлгээр 3 өдрийн завсарлага авахаа мэдэгдэв.

    Тэрбээр “Татварын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбоотой саналуудаа багцлаад хэлэлцүүлэг үргэлжилж байгаа гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Үндсэн хуультай зөрчилдөж буй заалт, зохицуулалтууд бий гэдгийг удаа дараа бид хэлсэн. Тухайлбал, төслийн 70.1-т “Татварын алба татварын өр хураах зорилгоор битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлж, мөнгийг холбогдох төсөвт төвлөрүүлнэ. Дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно” гэсэн нь бусдын өмч, хөрөнгийг өр барагдуулах нэрийн дор хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчдийн барьцааны зүйлсээс татварын өр барагдуулах, мөн батлан даагчаас өр барагдуулах эрх зүйн орчныг бий болгох юм байна. Энэ нь Үндсэн хуульд харшилсан зүйл, заалт. Тодруулбал, Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 16.6.3 дахь заалтыг зөрчсөн. Түүнчлэн төслийн 15 дугаар зүйлд татварын хяналтыг хэрэгжүүлэх үүднээс онцгой бүрэн эрхтэй байхаар хэд хэдэн заалтаар хуульчилж байгаа нь шүүхээс дээгүүр эрхтэй төрийн байгууллагыг бий болгох буруу жишиг рүү хальтран орох нөхцөл үүсгэнэ гэж үзэж байна” гэв. Мөн тэрбээр төслийн 70.3 дахь заалтаар татварын байгууллага эд хөрөнгийг хураадаг, үнэлдэг, дур мэдэн худалдаалдаг болгох сөрөг үр дагавартай байх тул төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг эдгээрийг сайтар нягтлан, өөрчлөх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Иймд УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авч буйг Д.Эрдэнэбат гишүүн мэдэгдлээ.

    Харин ээлжит бус чуулганы үйл ажиллагаа нарийн тов, төлөвлөгөөний дагуу шахуу хугацаанд ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж буй саналын дагуу төслүүдэд Үндсэн хуультай зөрчилдөж буй заалт бий эсэхийг нягтлан, Төсвийн байнгын хороо, ажлын хэсэг дүгнэлт гаргуулахаар 3 цагийн завсарлага олгов. 

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэв. Төслүүдийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд тухайн өдрийн хуралдаанд оролцсон хэд хэдэн гишүүний гаргасан горимын саналыг олонхоороо дэмжсэн тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хойшлуулаад байсан юм. 

    Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжүүлэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, А.Ундраа, М.Билэгт, Н.Амарзаяа нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. 


    2018 онд 21.9 тн алтыг Монголбанкинд тушаасан ба энэ нь сүүлийн 28 жилийнхээр тооцвол хамгийн өндөр байжээ. Үүний дараа нэг унци алтны үнэ 1300-аас дээш гарсан тохиолдолд дотоодын хуулийн хүрээнд 5 хувийн татвар дээр нэмж 5 хувь буюу нийтдээ 10 хувийн татвар төлөх зохицуулалт хэрэгжиж байгааг Д.Сумъяабазар сайд хэлсэн. Ингэснээр энэ оны эхний гурван сарын байдлаар 293.5 кг алтыг Төв банканд тушаагаад байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Алт нь манай улсын эдийн засаг, санхүүгийн орчинд чухал нөлөө бүхийн үнэт металл гэдгийг тэрбээр онцлоод үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн хууль бусаар хил давуулах нөхцөл үүслээ гэхэд өнөөгийн байдлаар бүрэн хянах боломжгүй тул татварыг дахин 5 жилийн хугацаанд 2.5 хувиар хөнгөлөх нь зүйтэй. Энэ зуураа дотооддоо алтны урсгалд бүрэн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, хил гаалийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх нь эдийн засгийн агуулгаараа ухаалаг, оновчтой шийдэл хэмээн салбарын яам үзэж буйг хэлсэн. Алт тушаалтын нөхцөл байдал нь зөвхөн татварын зохицуулалтаас хамааралтай гэдэг салбарынханы тайлбартай санал нэгдэхгүй байгаагаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн илэрхийлээд, сайтар судалж оновчтой бодлогын шийдлийг салбарын яам гаргах нь зүйтэй гэлээ. Одоогоос таван жилийн өмнө дээрх үндэслэлээр 2.5 хувь болгон бууруулсан ч энэ хугацаанд үр дүнд хүрээгүй учир дахин таван жил үргэлжлүүлэхээр санал оруулж ирж буйд шүүмжлэлтэй хандан алтны урсгалд хяналт тавих, алт тушаалтын нөхцөл байдлын учир шалтгааныг судалсан эсэхийг тодруулж байсан. Салбарын яам өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр нэлээд ажлуудыг хийж, хяналт шалгалт явуулсан хэдий ч дангаараа шийдвэрлэх боломжгүй, Засгийн газар, УИХ болон бусад яамтай нягт хамтран системийн хэмжээнд ажиллах шаардлагатайг Д.Сумъяабазар сайд дэлгэрэнгүй тайлбарлав. 

    УИХ-ын гишүүн А.Ундраа алт олборлолтын горимд анхаарал хандуулах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд Монголбанк алт тушаалтын явцад ямар хөшүүрэг хэрэглэж буй талаар тодруулж, хариулт авлаа. Хууль бус алт олборлолттой нэгдсэн зохион байгуулалттайгаар тэмцэх шаардлагатай байгааг Д.Сумъяабазар сайд тайлбарлав. Алтнаас гадна жонш тэргүүтэй бусад төрлийн ашигт малтмалын хууль бус олборлолт, худалдааны асуудлыг зохицуулахаар тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа гэв. Түүнчлэн Сангийн яам бололцооныхоо хүрээнд хил, гаалийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч буйг дуулгав. УИХ-ын гишүүн М.Билэгт өнөөдөр алтны татварыг бууруулах асуудлыг хэлэлцэхийн оронд байгалийн баялгийн үр ашгийг нийтэд хүртээмжтэй болгох, улмаар нөхөн сэргээгддэггүй уул уурхайн салбараас илүүтэй нөхөн сэргээгддэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэн экспортыг нь нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар анхаарал хандуулах ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байв. 

    Ийнхүү төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун татварын алтан дундаж хэмжээг сайтар хэлэлцэн тогтох, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хууль бусаар алт олборлогч болон 20 гаруй төрлийн татвар төлдөг мэргэжлийн компаниудын үйл ажиллагааны ялгааг анхаарах саналыг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

    Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдийн хэлсэн саналыг анхаарах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлээд “Татварын хэмжээний дундажийг олох, олборлолтыг хянах, хил гаалийн хүчин чадлыг сайжруулж шаардлагатай тоног, төхөөрөмжөөр тоноглох гэх мэтээр бодлогын хатуу, зөөлөн аргуудыг хавсран хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн алтны худалдаа, арилжаа, хууль бусаар хил давуулж буй эсэх дээр хяналт тавих асуудлыг чангатгах, хугацааны асуудал зэргийг зохицуулахаар УИХ-ын тогтоолын төсөл ч юм уу, эсвэл хуулийн төсөлдөө өөрчлөлт оруулах боломжтой. Одоогоор бол алтны татвар алтны роялти /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-тай нийлээд 10 хувь байхаар бөгөөд төсөл батлагдсан тохиолдолд 7.5 болно. Иймд салбарын сайд үүн дээр ажлын хэсэгтэй хамтран нухацтай ажиллах нь зүйтэй” гэв.  


    Дараа нь төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм. Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

    Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр УИХ дахь АН-ын бүлгийн 3 цагийн завсарлага дууссан юм. Энэ хүрээнд УИХ-ын дэргэдэх даргын зөвлөл хуралдсан бөгөөд тус зөвлөлөөс Төсвийн байнгын хороог өнөөдөр хуралдуулж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нухацтай хийх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш (2019.03.21) 10.00 цагт хуралдуулахаар тогтжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл