Цэс

Холбоо барих

“Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” сэдэвт нэгдсэн хуралдаан боллоо


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” хоёрдугаар сэдвийн нэгдсэн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдон, зөвлөлдөх уулзалтад оролцож буй 750 орчим иргэн 49 хэсэгт хуваагдан дээрх сэдвийн хүрээнд нэгдүгээрт, УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар (Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүд оролцоно) Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгодог болох, хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахтай холбогдсон асуудлаар тус бүртээ хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат даргалж, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар, МУИС-ийн зочин профессор, докторант О.Машбат, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Гүнбилэг нарын экспертүүд оролцов.

УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгодог болох хүрээнд Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатайгаар сонгодог байсныг 6 жилийн хугацаатайгаар сонгох, ард түмнээс сонгодог байсныг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох, 1 удаа улируулан сонгодог байсныг зөвхөн 1 удаа сонгохоор өөрчлөх саналыг Үндсэн хуульд тусгах эсэхийг хэлэлцжээ. Түүнчлэн Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхийг хасах талаар хэсгүүд хэлэлцсэн юм. 

Зөвлөлдөх уулзалтын хоёрдугаар сэдвийн хүрээнд 49 хэсгээс ирүүлсэн асуултуудыг багцлан, давхардсан асуултыг нэгтгэсэн болохыг хуралдаан даргалагч танилцуулж, хамгийн олон давхцалтай асуултуудаас эхлэн хариулт өгч буйг тайлбарлав.



Ингээд дөрвөн хэсгийг төлөөлөн 23 дугаар хэсгийн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ “Энэ сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгодог болох, хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахтай холбогдсон асуудлыг хөндөж хэлэлцсэн. Дөрвөн жилийн хугацаатайгаар, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн засаглалтай болвол ямар вэ” хэмээн асуусан юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь нэг хүний хувийн авир, хандлагаар хамааралтай, дарангуйллын системд шилжих эрсдэл өндөртэй зэрэг сул талуудтай гэдгийг жишээтэйгээр тайлбарласан. Парламентын засаглалтай улс орнуудын Ерөнхийлөгчийн үүргийн тухайд олон улсад тогтсон жишгээр бол нэн тэргүүнд Засгийн газрыг байгуулж, түүнийг парламент нь улс төрийн шалтгаантай хандлагаас хамгаалах гэдэг талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Ерөнхийлөгч дээрх үүргийг гүйцэтгэсний үр дүнд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэнцвэр хангагдан, Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөл бүрддэг гэв. Мөн өдгөө хэрэгжиж буй хууль тогтоомжоор Монгол Улсын засгийн эрхийг парламентаас өөр институцид шилжүүлэх нь хориотой байдгийг тайлбарласан.


Үүний дараа найман хэсгийг төлөөлж Орхон аймгаас сонгогдон оролцож буй иргэн Сэлэнгэ “Ерөнхийлөгчийг сонгогдсон хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ард түмний дунд санал асуулга явуулан, буцаан татах заалт Үндсэн хуульд байдаг уу. Үгүй бол энэ талаар Үндсэн хуульд тусгах боломжтой юу” хэмээн асуулаа. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч тангарагаасаа няцах, эх орноосоо уравсан тохиолдолд хугацаанаас нь өмнө огцруулах заалт байдаг, үүнийг нь Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах байдлаар УИХ-д шилжүүлэн, УИХ шийдвэр гаргадаг хууль, эрх зүйн зохицуулалт бий хэмээн экспертүүд хариулт өглөө.



Ийнхүү хэсгүүдээс Ерөнхийлөгчийг парламент сонгодог болсон тохиолдолд парламентын цөөнхийн нэр дэвшигчдэд Ерөнхийлөгч болох магадлал бий эсэх, төрийн тэргүүний зарим бүрэн эрхийг хасвал тэдгээрийг хэн хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, хэрэгжилтийн талаар, Ерөнхийлөгчийг сонгогдох хугацааны талаар болон УИХ, орон нутгийн ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудыг нэг жилд хамтад нь зохион байгуулах боломжтой эсэх талаарх асуултууд ирсэн. Эдгээр асуултад экспертүүд өөр өөрийн судалгаа, шинжилгээ, байр сууриас тайлбар, мэдээлэл, хариулт өгсөн.

Ийнхүү зөвлөлдөх уулзалтын “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” хоёрдугаар сэдвийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.



Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” дөрөвдүгээр сэдвийн нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл