ЭЗБХ: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсгүүд байгууллаа

  2020-12-15 16:34  239

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  /2020.12.15/  хуралдаан ирц бүрдсэнээр 11 цаг 05 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулж, баталлаа.  


    Эхлээд Засгийн газраас 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.


    Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийг шинэчлэх, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлэх, хуулийн маргаантай заалтуудыг тодруулах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчны хийдэл, давхардлыг арилгах, сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч буй учир хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар боловсруулсныг Сангийн сайд эхэнд нь онцлов.  

Улсын Их Хурлын 2005 оны 26 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 74-т “Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаастай холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэх" хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан бөгөөд 6 бүлэг, 29 зүйлтэй уг хууль хөрөнгийн үнэлгээний харилцааг зохицуулж байна. Хууль хэрэгжээд 10 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч хуулийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үнэлгээний асуудлыг хөндсөн бусад хуулиудын хоорондын уялдааг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эсхүл зохицуулалт дутуугаас хэрэгжих боломжгүй олон заалтуудыг залруулах, хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хөрөнгийн үнэлгээний харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, бизнесийн орчин, олон улсын бизнесийн харилцаан дахь оролцоо эрс өөрчлөгдсөнийг хөрөнгийн үнэлгээний одоогийн хууль тогтоомжоор бүрэн зохицуулах боломжгүй болсон. Иймд эдийн засгийн хөгжил, бизнесийн орчин, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэх, өмнөх туршлагад тулгуурлан хуулийн төслийг нэг мөр, ойлгомжтой, хийдэлгүй, маргаан бага үүсдэг болгон шинэчлэл хийх шаардлага тулгарсан гэж Сангийн сайд танилцуулгадаа дурьдлаа.

Түүнчлэн, үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч үнэлгээчин, үйлчлүүлэгч, хэрэглэгч гэсэн талуудын оролцоог жигд хангах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр тусгах, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу үнэлгээний үйл ажиллагааг тодорхой шалгуур, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгох, мэргэжлийн өөрийгөө зохицуулах байгууллагын чиг үүргийг шинэчлэн тогтоох, хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж шийдвэрийг гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Самхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулан ажиллуулах, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлж, мэдээллийн санг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг тодорхой болгох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.






   Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хөрөнгийн үнэлгээг буруу зөрүү хийсэн тохиолдолд уг үнэлгээг хийсэн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх талаар, Ж.Бат-Эрдэнэ хөрөнгийн үнэлгээг бодитоор тогтоох ямар механизмуудыг тусгасан талаар, О.Цогтгэрэл хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нөхөрлөл нь гадаадын хөрөнгө оруулагч байж болох эсэх талаар, Б.Жавхлан хөрөнгө эзэмшигч буюу үйлчлүүлэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар, үнэлүүлсэн хөрөнгө нь зах зээл дээр бодит үнэлгээгээ хангаж чадах агуулга, концепцийн талаар, Ж.Ганбаатар аж ахуйн нэгжүүд хөрөнгөө заавал үнэлүүлэх ёстой эсэх талаар тодруулж, гишүүдийн асуултад Дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Ч.Чимидсүрэн, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариулт өгөв.


    Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Энхбаяр, Б.Жавхлан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд хөрөнгийн зах зээл дээрх зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсэгт орж ажиллахаа илэрхийлсэн бол Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар бүх талуудын эрх ашгийг жигд хамгаалсан, аль нэг талд эрсдэл, хохирол дагуулахгүй, алдаа мадаггүй хууль гаргахын төлөө ажиллахыг Ажлын хэсэгт орж ажиллах гишүүдэд сануулж хэлсэн юм.  


    Ийнхүү хэлэлцээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

    Дараа нь  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан шинэчлэн байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

    Мөн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, баталснаар Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  2020-12-15 16:34  239