УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өнөөдөр /2018.10.10/ 16 цаг 50 минутад 53,8 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн бөгөөд тус түр хорооны дарга Н.Учрал Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын 2018 оны намар, 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус түр хороо нь дөрвөн багц ажил хийхээр төлөвлөсөн болохыг дурдав. Үүнд,
Нэг.Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах,
Хоёр.Иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон хувийн өгөгдөл, мэдээллийн нууцыг хамгаалах,
Гурав.Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, эдийн засгийн шинэ сектор бий болгох,
Дөрөв.Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судалж, санал боловсруулах гэсэн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэлэлцүүлэг зохион байгуулах санал хэлж байсан бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь эдгээр дөрвөн ажлаас гадна цахим орчинд хүүхэд, залуучууд руу чиглэсэн ажлыг илүү боловсронгуй болгох санал хэлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ, дээрх дөрвөн ажлыг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүдээс бүрдсэн үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч болон гишүүд томилогдсон байгаа, иймд нэг дэх ажлын хэсэгт багтааж өгөх санал хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ё.Бааатарбилэг нар тус ажлуудыг хэрэгжүүлэхэд УИХ-ын Тамгын газраас ажлын алба байгуулах, төсөв суулгуулах тухай санал хэлж байв.
УИХ-ын гишүүд саналаа хэлж дууссаны дараа дээрх дөрвөн ажлын ерөнхий төлөвлөгөөг батлахыг дэмжих эсэх тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийг дэмжлэгийг авлаа.
Дараа нь хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Цахим бодлогын түр хорооноос Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсрүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.