Зөвшөөрлийн тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа

  2019-04-30 14:14  379


Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1.    Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аас 2001 онд батлан мөрдүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг энэхүү хуулиас гадна салбарын 100 гаруй хуулиар зохицуулж байна.

Гэвч тусгай зөвшөөрлийн төрөл, тоо, түүнийг олгох эрх бүхий субъектийг шинээр тогтоох зэргээр эрх зүйн зохицуулалтын гажуудлыг үүсгэж ирсэн байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төрлийг шинээр бий болгох, эсхүл тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагааг дотор нь задлах зэргээр яам, агентлагуудаас олгох тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж иржээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд салбарын яамдаас олгох 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд  хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас олгох 7 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан боловч одоо 54 байгууллага, 914 төрлийн зөвшөөрөл олгож байна.

Түүнчлэн хуулиар эрх олгоогүй боловч тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрээр бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах тохиолдол түгээмэл байна. 

Иймээс Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт өөр хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог практик түгээмэл байгааг өөрчлөн засах шаардлагыг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль хоорондын давхардал, зөрчил, хийдлийг арилгах, хуулиас гадуур тусгай зөвшөөрлийн ангилал, төрлийг бий болгож иргэдийг чирэгдүүлдэг байдлыг хориглох, төрөөс зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг бий болгох хүрээнд зөвшөөрлийн төрөл, түүний ангилал, түүнийг олгох эрх бүхий этгээдийг тогтоосон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд:

- Зөвшөөрлийн ангилал, түүнд хамаарах төрлийг шинэчлэн тогтоож, зөвшөөрөл бүрийг кодын системд оруулж, түүнийг олгох, бүртгэх, хянах үйл ажиллагааны нэгдсэн журмыг тогтоох;

- Хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг  баталгаажуулах;

- Эрх бүхий этгээдээс олгох зөвшөөрлийн төрлийг Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулиар тогтоож, тус хуульд заагаагүй зөвшөөрлийг шинээр бий болгохыг хориглох;

- Зөвшөөрөл нь -онцгой; -тусгай; -энгийн гэсэн ангилалтай байх;

- Зөвшөөрлийн ангиллаас хамаарч зөвшөөрөл олгох нийтлэг хугацааг уртасган тогтоож, зөвшөөрөлтэй холбоотой хяналт-шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгах;

- Зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлагыг шинэчлэн, үйл ажиллагааны онцлогоос хамаарч ялгамжтай байдлаар тогтоох, хүнд суртал, чирэгдэл учруулдаг ач холбогдолгүй, хэт хавтгайруулсан шаардлагыг халах;

- Зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, хүчингүй болгох, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, журмыг нарийвчлан тогтоож, олон шат дамжлагыг цөөлж, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэх;

-Зөвшөөрөл олгохтой холбоотой төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бий болгох зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна.

2.    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Эдгээр арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.

 

3.    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд

 

Монгол Улсын эдийн засаг 2018 онд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 6.9 хувиар өсөв. Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 2018 онд 30 хувиар, экспортын хэмжээ 13.1 хувиар өссөн байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2017 оноос 32 хувиар нэмэгджээ. Мөн ажил эрхлэлт нэмэгдэж, өрхийн орлого 15 хувиар өсөөд байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбар 2017-2018 онд 16-20 хувиар, уул уурхайн бус салбар 7.5 хувиар өсчээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 22.5 хувиар өсөж гадаад худалдааны тэнцэл 1,153.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оноос 38.1 хувиар сайжирсан байна. Монгол Улсад 2018 онд цэвэр дүнгээр 1,951.5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.

Засгийн газар 2019 онд эдийн өсөлтийг эрчимжүүлэх, амьжиргааг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх ажээ. Энэ хүрээнд: Татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулснаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөх, эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулалтын оруулах хувь нэмэр нэмэгдэхээр байна.

Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.9 тэрбум ам долларт, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларт, экспортын хэмжээ 9.1 хувиар өсөж 7.7 орчим тэрбум ам.долларт, импортын хэмжээ 5.5 хувиар өсөж 6.2 орчим тэрбум ам.долларт хүрэхээр тооцжээ. Төлбөрийн тэнцэл 2019 онд ашигтай гарна гэж үзэж байна. Инфляцын түвшин 2019 онд зорилтот түвшин буюу 8 орчим хувьд хадгалагдах аж.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2020-2022 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэх зорилттой байна. Экспорт 2020 онд өсөж 7.8 орчим тэрбум ам.долларт, импорт 8.0 хувиар өсөж 6.7 тэрбум ам.долларт хүрэхээр төсөөлжээ. Инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2020-2022 онд 8 орчим хувьд байна гэж тооцжээ.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг 2021-2023 онуудад эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс сайжруулан 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд ДНБ-ий -1.4 хувь, цаашид 2023 оноос ашигтай гаргах бодлого баримтлах ажээ.

-Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлэх;

-Татвар, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бизнесийн орчныг сайжруулах;

-Тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалин хөлсийг зөвхөн инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх;

-Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан 2020 онд шилжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлж, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлж, Үндэсний номын сангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт:

• Төсвийн сахилга батыг сайжруулах, санхүү мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх бодлогыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, шинээр зээллэг үүсгэх хэрэгцээг бууруулах;

• Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авах;

• Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзаж, өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг олж ашиглахыг эрмэлзэх;

• Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилт технологи ашигласан систем нэвтрүүлэх;

• Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож буй болзошгүй эрсдэлээс сэргийлэх зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлэх;

• Барих-шилжүүлэх концессийн гэрээ байгуулах, вексель бичих зэрэг өрийн хэрэгслээр өр үүсгэхгүй байх бодлогыг баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.

 

 


  2019-04-30 14:14  379