Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

  2017-05-23 18:47  707

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.05.23) хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 10 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд болон ажлын дэд хэсэгт холбогдох албаны хүмүүс орж ажиллаж байгаа юм. Байнгын  хорооны хуралдаанд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.


Ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, төслийн талаархи зарчмын зөрүүтэй 13, дагалдах хуулийн төслүүдийн талаархи 1 саналыг бэлтгэн томьёолжээ. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэн, баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжтой уялдуулж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагаанд прокурорын хяналтыг төсөлд шинээр нэмж тусгасан байна. 

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 22, 23-ны өдөр хуралдаж хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн саналыг тусгасан болохыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал санал дүгнэлтдээ танилцуулав. Тухайлбал,

· Хуулийн төсөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүнийг бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийллээр нь ялгаварлан гадуурхахгүй байх;

· Хорин сая, түүнээс дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ  1 жилээс дээш хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх;

·    Хорих ангийн дотоод журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах;

·  Прокурор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хорих ангид саадгүй нэвтрэх;

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дэргэд шинээр хорих ялаар шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлэх хорих ангийн зэрэглэлийг тогтоох, хорих ангид ял эдэлж байгаа хоригдлын зэрэглэлийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий зөвлөл ажиллуулах;

· Хоригдлын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, засрал хүмүүжлийг харгалзан түүний ялыг эдлүүлэх хорих ангийн төрөл, зэрэглэлийг тогтоох, өөрчлөх, шилжүүлэх асуудлыг зөвлөлийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэж байх;

· Хорих анги нь Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хурлыг 30 хоног тутамд зохион байгуулах, хоригдол хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хорих ялаас хугацаанаас өмнө суллуулах, хяналт тогтоох саналыг ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл 5 хоногийн дотор дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэх бөгөөд шүүх энэ асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж байхаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн хуулийн төсөлд өсвөр насны хоригдол, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ялтанг сахилгын байранд ганцаарчлан хорихыг хориглосон заалтыг нэмж тусгасан байна.

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага байхаар хуулийн төсөлд тусгах;

· Мөн дайн болон дайн бүхий байдал, онц байдал, гамшгийн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь зэвсэгт хүчний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байхаар заалт нэмэх;

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага онцгой нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх тусгай чиг үүрэг бүхий нэгжтэй байж болох;

· Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон бусад холбогдох хуульд заасан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, дээд боловсролтой, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг авч ажиллуулах; 

·  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг өргөхийг хасах;

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид цэргийн цол олгохдоо Цэргийн албаны тухай хуульд заасан журмыг баримтална гэснийг хасах,

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгох зэрэг саналуудыг хуулийн төсөлд нэмж оруулсан байна.


Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон төслийн талаархи зарчмын зөрүүтэй 57 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нэг санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн бөгөөд анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2017-05-23 18:47  707