Анхдугаар
зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд,
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Улсын Бага
Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид,
Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ажиглагчид
оролцсон.
Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад оролцогчид 49 хэсэгт хуваагдан “Монгол Улсын Их Хурал,Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн гурван сэдвээр нэг бүрчлэн хэлэлцүүлэг хийсэн юм.
Түүнчлэн сэдэв тус бүрээр нэгдсэн хуралдаан явагдаж, хэсгүүдийн бэлтгэсэн асуултад экспертүүд хариулт өгөв. Ийнхүү зөвлөлдөх уулзалтын эхний өдрийн хэлэлцүүлгүүд өндөрлөж, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” дөрөвдүгээр сэдвийн хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэллээ.
Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдсон төлөөлөгчид монгол түмнээ төлөөлөн Үндсэн хуулийн эрх үүргээ хэрэгжүүлж Монгол төрийн хэрэгт шууд оролцож байгааг тэрбээр тэмдэглэв. Энэ зөвлөлдөх санал асуулга нь УИХ-аас баталсан хуулийн дагуу УИХ-ын тогтоолоор хэрэгжиж буй төрийн үйл хэрэг бөгөөд тэдний санал бодлыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар нухацтай авч үзэж, цаашдын шийдвэрээ гаргах болно хэмээн хэллээ. Мөн тэрбээр оролцогчдод хандан “Та бүхэн тараах материалаа сайтар судлаарай. Оролцогч бүр тус тусдаа судалгааны асуултад хариулна. Энэ судалгааны үр дүн нь зөвлөлдөх санал асуулгын гол ач холбогдол учраас Та бүхнийг маргаашийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоорой” гэлээ.
Зөвлөлдөх санал асуулга маргааш “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” сэдэвт зургадугаар сэдвийн танилцуулгаар эхэлнэ. Тус сэдвийн хүрээнд нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах, хоёрдугаарт Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” зэрэг сэдвээр хэсгүүдийн хэлэлцүүлэг, нэгдсэн хуралдаанаар үргэлжлэх юм. Зөвлөлдөх санал асуулгын үеэр сэдэв тус бүрээр давуу болон сул талуудыг харьцуулсан тэнцвэртэй материалуудыг танилцуулж байгаа бөгөөд оролцогчид эдгээр асуудлыг нээлттэй зөвлөлдөн хэлэлцэж, хэлэлцүүлгүүдийн төгсгөлд оролцогч бүр нууц санал хураалтаар саналаа өгнө.
Хоёр өдөр үргэлжлэх анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.