Батцэнгэл суманд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг боллоо

  2017-08-16 17:09  363

Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлэгч ээлжит баг өнөөдөр (2017.08.16) Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байна. 


Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Хашаат, Хотонт, Батцэнгэл сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын удирдлага, мэргэжилтнүүд болон иргэд оролцсон. Төслийн хэлэлцүүлгийг нээж Батцэнгэл сумын ИТХ-ын дарга Н.Мөнхбаяр үг хэлж, албан хаагчид, иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд идэвхтэй оролцож иргэн бүр саналаа өгөхийг уриаллаа.


ҮргэлжлүүлэнҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, онол судалгаа болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна.


Үүний үр дүнд парламентын ардчилал, Засгийн газрын бие даасан, тогтвортой байдал бэхжих, Улсын Их Хурлын өмнө хүлээх Засгийн газрын хариуцлага тодорхой болох, Ерөнхий сайд Засгийн газрыг бүрдүүлэх хариуцлагыг дангаар хүлээснээр мэргэшсэн, чадварлаг хүн Засгийн газрын гишүүнээр томилогдох ач холбогдолтой хэмээн үзсэн байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хариуцлага илүү тодорхой болсноор төрийн албаны сахилга, хариуцлага сайжрах боломж бүрдэх аж. Түүнчлэн Засгийн газрын тэргүүний саналаас үл хамааран Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах санаачилга УИХ-ын гишүүдээс гардаг байдлыг арилгах, УИХ хуулийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн бүрэн эрхдээ төвлөрөх ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгад дурдав.


Үүний үр дүнд улсын нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөө тогтвортой байх нөхцөл Үндсэн хуулийн түвшинд бүрдэх, төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанар хадгалагдах, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа тогтвортой байх ач холбогдолтой. Яамдын нэрийг Үндсэн хуульд зааснаар шинэ яам байгуулах, татан буулгах, яамдыг нийлүүлэх, салгах зэргээр бүтцийн өөрчлөлтөөр халхавчилж төрийн албан хаагчдыг олноор халах, солих явдал эцэс болно хэмээн тооцсон байна. Мөн төрийн албаны улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг хангахад дэвшил гарч, мэргэшсэн тогтвортой төрийн алба хөгжих үндэс суурь бий болох ажээ.


Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах сонгодог загвар хэрэгжих боломжтой болох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тул сайд нар нэгдмэл зорилготой, хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдэх, танхимын гишүүн муу ажиллавал Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөх учир Ерөнхий сайд сайд нарт хатуу шаардлага тавин ажиллах хөшүүрэг болох аж. Мөн танхим доторх сахилга, хариуцлагын тогтолцоо сайжрах ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгын үеэр онцлон тайлбарлаж байсан.


2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн нэг заалтыг тодорхой түвшинд залруулснаар УИХ, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилж, тэдгээрийн чиг үүргийн ялгаа илүү тодорхой болох, бие биеэсээ хараат бус байх, УИХ, Засгийн газрын харилцан хяналт сайжирч, хариуцлага, хууль дээдлэх ёс бэхжихийн зэрэгцээ төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим тууштай хэрэгжих, Засгийн газрыг хэт улс төржихөөс сэргийлэх, УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах зэрэг ач холбогдолтой болохыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт Б.Төгсцэнгэл танилцууллаа.


Үргэлжлүүлэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгохоор төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт П.Хулан дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгохоор Үндсэн хуулийн хоёр заалтад оруулж буй нэмэлт, өөрчлөлт, мөн улс төрөөс хараат бус мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн хоёр заалтад оруулахаар төсөлд тусгаад буй нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилготой төслийн холбогдох зүйл, заалтад оруулахаар төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур дэлгэрэнгүй танилцуулав.


1992 онд баталсан Үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Харин энэ удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх зорилготой гэдгийг Ажлын хэсгийн гишүүд онцлож байсан. Удаа дараагийн санал асуулга, иргэдийн саналын дагуу энэ удаа Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой зүйл заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан юм.


Төслийн танилцуулгатай холбогдуулан Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Хашаат, Хотонт, Батцэнгэл сумын иргэд асуулт асууж, зарим зүйлийг лавлав.

Сумын Засаг даргыг нийтээр сонгох асуудлыг Үндсэн хуульд тусгах боломж бий эсэхийг тодруулсан Хайрхан сумын иргэн Батсүхийн асуултад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур хариулт өгөв. Засаг захиргааны нэгжийн удирдлагыг томилох асуудалд иргэд анхаарч, үүнтэй холбоотой олон санал хэлж байгааг тэрбээр дурдаад “Төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж буюу баг, хороо, тосгоны даргыг томилох тухай асуудлыг тусгасан. Олон улсын практикт уг асуудлыг олон хэлбэрээр зохицуулж ирсэн. Тодруулбал, Герман, Их Британи, Унгарт орон нутгийн анхан шатны нэгжийн даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн бүх нийтийн сонгуулиар болон төлөөлөгчдийн байгуулагаасаа сонгодог байна. Манай тохиолдолд дээд шатны удирдлагыг нь ИТХ-аас нэр дэвшүүлэн сонгоод, дээд шатны Засаг дарга нь батлах зохицуулалттай. Сумын Засаг даргыг нийтээр сонгох асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналаа Та бичгээр хүргүүлэх боломжтой” гэв.


Батцэнгэл сумын Дайрбог багийн иргэн Н.Туул УИХ нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна гэснийг байнгын ажиллагаатай байхаар өөрчилж болох эсэхийг асуулаа. Хуулиараа УИХ-ын бүтэц нь Байнгын хороод, Байнгын хороод нь дотроо дэд хороодтой байдаг. Өнөөдрийн байдлаар УИХ найман Байнгын хороотой. Шаардлагатай тохиолдолд түр хороог байгуулан, ажиллуулдаг. Харин төсөлд тусгасан хянан шалгах түр хороог бол иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн УИХ-ын гишүүдийнхээ шийдвэрээр байгуулагдахдаа олонхи, цөөнхийн төлөөллийг тэгш харьцаатай оруулсан байх юм. Ийн байгуулагдсан хянан шалгах түр хороо тухайн асуудлаа эцэслэн шийдэх хүртлээ  ажиллах зохицуулалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж тайлбарлалаа.


Үндсэн хуульдаа 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, 30 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилохоор насны хязгаар зааж байгаа нь ялгаварлан гадуурхахгүй байх, иргэн бүр ижил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахгүй юу хэмээн Өлзийт сумын 2 дугаар багийн иргэн Н.Түгжжав асуув. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүр ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээр хангагддаг. Харин шүүх эрх мэдэл бол онцлогтой, шүүгч нар нийгэмд шударга ёсыг сахиулах онцгой үүрэг хүлээдэг учир өндөр шалгуур, хариуцлага, ёс зүй, мэдлэг, ур чадварын шалгуурыг давах ёстой гэж үздэг олон улсын хандлага бий. Үндсэн хуульд заасан шүүгчийн нас бол зүгээр “тоо” биш бөгөөд түүнд тухайн шүүгчийн амьдралын туршлага, хүмүүжил, зан төлөв, боловсрол, ур чадвар бүгд агуулагдсан байхыг шаардаж буй агуулга гэдийг УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд тайлбарлав.



Мөн иргэд энэхүү төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уламжлалт билгэдэл зүйг харгалзах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Түүнчлэн төрийн албыг бэхжүүлэх зорилгоор оруулж буй нэмэлт, өөрчлөлт болон УИХ-ын хуралдаанд хуралдааны ирц, шийдвэр гаргах босгыг тогтоон гаргаж буй шийдвэр хууль ёсны, хүчин төгөлдөр байх чадамжийг хангах өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Харин УИХ-ын чуулганы хуралдаандаа суугаагүй гишүүдийг хэрхэн талаар тодорхой гарц, шийдэл олж төсөлд тусгах нь зүйтэй хэмээн санал хэлэв. Харин “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэснийг “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэснийг өөрчилж, УИХ-ын гишүүн хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчдоо бүрэн төлөөлөн ажиллах нөхцөлөөр хангах үүднээс өөр ажил хавсран гүйцэтгэхийг хориглох нь зүйтэй гэж байлаа.

Ийнхүү Архангай аймгийн зүүн бүсийн сумдын иргэдийн төлөөлөл оролцож буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өндөрлөлөө. Хэлэлцүүлэг нийт 127 иргэн оролцон, 58 иргэн саналын хуудсаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт төслийн талаарх саналаа ирүүлжээ.

Архангай аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг өнөөдөр өндөрлөж байна. УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг наймдугаар сарын 14-16-ны хооронд Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Батцэнгэл сумдад ажиллав. Архангай аймагт болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний шатны хэлэлцүүлэгт  нийт 491 иргэн оролцож, 289 иргэн саналын хуудсаар дамжуулан төсөлтэй холбоотой саналаа ирүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үргэлжлүүлэн Архангай аймгийн сургагч багш нар, албан хаагчид есдүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 19 сум, 101 багийн иргэдээр хэлэлцүүлнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2017-08-16 17:09  363