Цэс

Холбоо барих

Хэлэлцүүлэгт оролцогчид төсөлд тусгагдсан байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлаар асуулт асууж, хариулт авлаа

    “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт өнөөдрийн /2019.07.26/ хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, хариулт авлаа.

    Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 56 оролцогч асуулт асуухаар нэрсээ ирүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд хариулсан.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн хэмээн өөрчлөн тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Үндсэн хуульд нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах асуудлыг журмаар зохицуулна гэж тусгаж болохгүй юу хэмээн лавласан. Түүнчлэн өрийн тааз 60 хувиас, төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт оруулж болох эсэхийг тодруулсан.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төрийн өмч гэдгийг нийтийн өмч хэмээн өөрчлөн тусгасан шалтгааныг тайлбарласан.


Төр өөрөө бүтээгээгүй баялгийг төрийн гэж тодорхойлох нь зүйд нийцэхгүй гэж Ерөнхийлөгч үзсэн хэмээгээд төр өөрийн татварын мөнгөөр үүсгэн бий болгодог үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган үзэж, хувьчилж ирсэн алдааг залруулах ёстой гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төслийг боловсруулах явцад ШУА-тай хамтран эрдэм шинжилгээний хурал хийж, 40 гаруй орны Үндсэн хуулийг харьцуулан судалсан гэлээ. Олон удаагийн хэлэлцүүлгийн үеэр өрийн тааз, төсвийн алдагдалтай холбоотой асуудлыг Үндсэн хуульд тусгах тухай асуудлыг хөндөж байсан ч ярилцсаны эцэст төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх үүднээс Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно хэмээн тусгахаар тогтсон гэсэн хариултыг өгсөн юм.


    Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, Байгалийн баялаг бус байгалийн заяагдмал нөөц гэдэг олон улсын нэр томьёогоор нэрлэвэл дээр гэсэн саналтай байлаа. Тэрбээр төрийн өмч гэснийг нийтийн өмч болгох нь суурь өөрчлөлтийг авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

    МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Энхмандах, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх  иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана гэж заажээ. Газраас бусдыг нь хэн шийдэх вэ гэсэн асуулт тавьсан. Түүнчлэн Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна хэмээн тусгасан нь зүйд нийцэж буй эсэхийг тодруулсан. Эдийн засагч, судлаач Б.Дөлгөөн төрийн өмч гэснийг нийтийн өмч гээд өөрчлөхөөр хэн түүнийг хариуцах юм бэ. Үүний эерэг, сөрөг нөлөөг тооцож үзсэн үү гэж асуусан.


    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, төслийн 6.6 дахь заалтаар замбараагүй газар олгодог байдлыг хааж, цаашид сумын Засаг дарга газрын зөвшөөрөлд гарын үсэг дурах явдал гарахгүй болно гэсэн үг хэмээн тайлбарласан.

Төрийн гэдгийг нийтийн болгосноор нийтийн өмч эзэнгүй болно гэсэн үг биш. Нийт ард түмний юм, түүнд таарсан зохицуулалтыг хийе гэж байгаа юм. Төрийн өмчийн барилга байшин, сандал, ширээ шиг зараад байдгийг болиулья гэсэн зорилготой.

    Нийтийн өмч болох онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн тавин нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдохоор тусгасан. Ашиглана гэвэл 51 хувиа өгнө, өгч чадахгүй гэвэл газрын баялгаа ухуулахгүй гэсэн зорилгоор ийм зохицуулалтыг тусгасан гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд 16 төрлийн татвар, хураамжийг авдаг. Хогны хураамж, тэжээвэр амьтны гэх мэт. Энэ татвараар төсвийнхөө тодорхой хувийг бүрдүүлж байгаа. Одоогийн хуулиар ч энэ эрх олгогдсон байгаа. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг дээр удаан ярилцсаны эцэст энэ асуудлыг Үндсэн хуульд оруулах нь зүйтэй гэж үзсэн учир тусгасан байгаа. Ийм зохицуулалт холбооны улсад ч, нэгдмэл улсад ч байдаг зүйл гэсэн хариултыг өгсөн юм.

    Хэлэлцүүлэгт оролцогчид Төв банкны хараат бус байдлаар ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх, байгалийн баялгийн талаар баримтлах зарчим, бодлого, төсөв санхүү, төсвийн хяналтын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл